
Зургийг: suu.mn
“Сүү” ХК 2024 онд 16 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны цэвэр ашигтай нь харьцуулахад 12.6 хувиар өссөн дүн болж байна. Тайлант хугацаанд борлуулалтын орлого нь 192.4 орчим тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оныхоос 30 хувиар өсжээ.
2024 оноос эхлэн БНХАУ-ын импортын жагсаалтад сүү, сүүн бүтээгдэхүүн багтаад байгаа бөгөөд иймд хангалттай хэмжээнд үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн тохиолдолд ӨМӨЗО-ы зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх урт хугацааны боломж нээгдэнэ гэж харж байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга мэдээлж байсан юм.
“Сүү” компани 2024 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 3.4 төгрөг тооцон нийт нэг тэрбум 168 сая гаруй төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Ногдол ашгийг тавдугаар сарын 30-ны өдөр олгох аж.
Даваа гарагийн арилжаа хаахад тус компанийн хувьцааны ханш 6.1 хувиар өсжээ. Хувьцааны ханшаар илэрхийлэгдэх зах зээлийн үнэлгээ нь 240.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.