
Зургийг: Samuel Corum/Bloomberg
Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг “Монгол Улсын эдийн засгийн тойм” тайлангаа танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд 5.3 хувь байх бол 2025 онд 6.5 хувиар өсөх хүлээлт байгааг тайланд онцолсон байна.
Сүүлийн саруудын үзүүлэлтээс харахад эдийн засгийн идэвхжил тогтвортой хадгалагдсан хэвээр байна. Зудын улмаас хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хумигдсан ч уул уурхай болон тээврийн үйлчилгээний салбарын өсөлт эдийн засгийг тэтгэж байна.
2025 онд Оюутолгойн үйлдвэрлэлээс гадна хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эдийн засгийг дэмжих төлөвтэй. Хэдийгээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 2025-2026 онд 12 орчим хувиар буурах тооцоо байгаа ч дээрх хоёр салбарын өсөлт нүүрсний үнийн уналтыг нөхнө хэмээн үзэж буй. Цаашлаад 2026-2027 онд уул уурхайн бус салбаруудын өсөлтийн нөлөөгөөр эдийн засаг 6 орчим хувиар өсөх хүлээлт байгааг тайланд тодотгожээ.
Эрсдэл талаас нь харвал төсвийн зардал хүлээлтээс давбал эдийн засгийн өсөлтийг тэтгэх хэдий ч инфляцыг эрчимжүүлж, төсвийн болон урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Мөн геополитикийн нөхцөл байдал хурцадвал шатахууны үнийг хөөргөх, улмаар импортын гаралтай инфляц болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэх зэрэг эрсдэл байгааг онцолсон байна.