
Зургийг: xanadumines.com
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани зэс, алтны “Хармагтай” төслийнхөө урьдчилсан Техник Эдийн Засгийн Үндэслэлээс гарсан онцлох үр дүнгүүдийг танилцууллаа.
Дэлхийн хэмжээний төсөл
ТЭЗҮ-ийн тооцооллоор “Хармагтай” уурхайн насжилт 29 жил буюу олборлолт нь 2056 он хүртэл үргэлжилнэ гэж үзжээ. Энэ хугацаанд төслөөс жилд дунджаар 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэхээр байна гэж тооцоолсон байна. Энэ нь “Хармагтай” төслийг дэлхийн түвшний өндөр ач холбогдолтой төсөл болгож буйг “Xanadu Mines “онцолжээ.
Мөн энэхүү төслийн хүдэр дэх зэсийн агуулга 0.21 хувь, зэсийн таамагласан нийт нөөц 1.6 сая тонн бол алтны агуулга тонн тутамд 0.17 грамм, таамагласан нийт нөөц дөрвөн сая унц гэж тооцоолсон байна.
Олборлолтыг ил уурхайд хийхийн сацуу нөөц нь гадаргатай ойр тул их хэмжээний хөрс хуулахгүй, мөн уламжлалт хөвүүлэн баяжуулах технологиор зэсийн баяжмал гарган авах учраас төслийн үйл ажиллагааны зардал бага байх төлөвтэй гэж үзжээ. Тодруулбал: олборлолтын эхний шатанд олборлосон зэсийн фут тутамд 0.70 ам.долларын бэлэн мөнгөний зардал гарахаар байгаа нь дэлхийн зэсийн уурхайнуудад доогуурт тооцогдох дүн аж.
Мөн тус төсөл Оюутолгойн уурхайгаас баруун хойд зүгт ердөө 120 км зайд оршдог гэдэг утгаараа дэд бүтэц, усны эх үүсвэр, ур чадвартай ажиллах хүч, эцсийн хэрэглэгчийн зах зээл гээд “бүх юмандаа ойр” байх юм.
Дараагийн алхмууд
“Xanadu Mines” өнгөрсөн хугацаанд “Хармагтай” төслийнхөө хайгуулын нэмэлт өрөмдлөг, металлургийн судалгааны ажлуудыг гүйцэтгээд байгаа бөгөөд 2025 онд багтаан төслийн үндсэн ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг батлуулах хүлээлттэй байгаа аж. Харин 2026 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2028 оноос анхны олборлолтоо хийхээр зорьж буйгаа танилцуулгадаа тусгасан байна.
Тус компани өнгөрсөн онд БНХАУ-ын металл олборлолтын тэргүүлэгч компани “Zijin Mining”-тай стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн нь төслийн хөгжүүлэлтийн онцлох үйл явдал байлаа. Хэлцлийн дагуу хоёр компани 50, 50 хувийн эзэмшилтэй “Khuiten Metals” хамтарсан компани байгуулж, “Хармагтай” төслийг эзэмших болсон юм. 2024 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд “Zijin Mining” тус хамтарсан компанид 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, урьдчилсан ТЭЗҮ болон хайгуулын ажлыг санхүүжүүлжээ.
“Хүрэл үнэг”-ийн өрөмдлөг эхэллээ
Үүнээс гадна Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Woomera Mining” компани “Kincora Copper”-оос худалдан авсан зэс, алтны "Хүрэл үнэг" төслийнхөө өрөмдлөгийн ажлыг эхлүүлснээ мэдээллээ. Эхний ээлжийн хоёр алмазан өрөмдлөгт 6-8 долоо хоногийн хугацаа шаардагдахаар байгаа аж. Ингэснээр өрөмдлөгийн ажлын үр дүнг ирэх оны нэгдүгээр сард бэлэн болгохоор ажиллаж байгаагаа тодотгов.