logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлол нэмэгдэж, дэлхийн хувьцааны зах зээлийн уналт даамжрав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 06 10:30
    485

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлолоос үүдэн дэлхийн хувьцааны зах зээл өндөр дүнгээр уналаа

    Технологийн компаниудын хувьцаа дуу дуугаа авалцан унаж, дэлхийн хувьцааны зах зээлийг бүхэлд нь “Улаан бүс” рүү хөтлөөд байна. “Nasdaq 100” фьючерс индекс дөрвөн хувиар унасан бол Японы хувьцаанууд сүүлийн 10 гаруй жилд байгаагүй дүнгээр үнэлгээгээ алдлаа.

    Хаа сайгүй уналт

    АНУ-ын эдийн засаг удаашрах болгоомжлол нэмэгдэж, арилжаалагчид Холбооны Нөөцийн банк яаралтай бодлогын хүүгээ бууруулах арга хэмжээ авна гэдэгт мөрийцөж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж нэг жилийн доод түвшиндээ хүрсэн нь эхний илрэлүүд болов. Мөн “Nvidia”, “Apple” болон “Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн арилжаагаар бүгд долоогоос дээш хувиар унаад байна.

    Wall Street”-ийн “Айдсын хэмжүүр” гэж болох “CBOE Volatility Index” 2020 оноос хойших дээд түвшиндээ хүрч өссөн нь уналт хэр зэрэг ноцтойг гэрчилж буй.

    Зарах хөдөлгөөний давлагаа далайн чанадад мөн хүрч, Японы Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ өсгөснийг даган арилжаалагчид позицоо багасгахаар яарснаар “Topix” индекс 12 хувиар унажээ. Гурван өдөр дараалсан энэ уналт нь тус индексэд тэртээ 1959 оноос хойш бүртгэгдээгүй тааруу үзүүлэлт болж байна. Мөн БНСУ-ын жишиг индекс “Kospi” даваа гарагийн арилжааг 2008 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр буюу 8.8 хувийн уналттай хааж, коррекцийн бүсэд шилжжээ.

    “Гол өнцөг юу вэ гэвэл АНУ-ын эдийн засаг уналтад орохгүй байх хүлээлт арилж, зөөлөн газардах хүлээлт бий болсонд байгаа юм. Энэ эрсдэлд зах зээлийн өнөөгийн байдал бэлэн бус тул хөрөнгө оруулагчид тактикаа өөрчлөхөд хүргэж байна” хэмээн “Lombard Odier Asset Management” компанийн макро эдийн засгийн Ахлах шинжээч Флориан Иелпо тайлбарлажээ.

    Хөрөнгө оруулагчид одоогоор эрсдэлээс хамгаалах гол хэрэгслээр Засгийн газрын бондууд болон швейцар франкийг сонгох хандлага ажиглагдаж буй. “Goldman Sachs”-ийн эдийн засагчид ирэх онд АНУ-ын эдийн засаг агших магадлалаа 15 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлсэн ч эдийн засгийн байдал “ерөнхийдөө хэвийн хэвээр” байгааг онцолжээ.

    Харин Монголд эсрэгээрээ

    Долоодугаар сарын 31-нд анх удаа 50 мянган нэгжийн босгыг давж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байсан Монголын Хөрөнгийн биржийн Топ-20 индекс даваа гарагт дээд түвшнээ дахин шинэчилж, 50,741 нэгжид хүрлээ. Хөрөнгийн захын нийт үнэлгээ мөн бүх цаг үеийн дээд үзүүлэлт буюу 12.4 их наяд төгрөг хүрч өсөв.

    Хагас жилийн ашиг нь өнгөрсөн оны мөн үеэс 17.1 дахин, орлого нь 14 дахин өссөнийг саяхан тайлагнаад буй “Тавантолгой” ХК-ийн хувьцаа дотоодын зах зээлийн өсөлтийг хөтлөгсдийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Сүүлд нэгж хувьцааны ханш нь 4.2 хувиар өсөж 36,480 төгрөг хүрснээр зах зээлийн үнэлгээ нь 1.9 их наяд төгрөг давжээ. “Mongolian International Capital Corporation” компани өнгөрсөн  тавдугаар сард “Тавантолгой” ХК-ийн хувьцааг шинжилж, зорилтот ханшийг нь 38,055.12 төгрөгт тогтоож байсан юм.

    Cэтгэгдэл бичих