
Зургийг: Bloomberg TV Mongolia
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлж, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг удаалсан байна. Аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 181 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ.
Орхон аймгийн хувьд засаглалын үр ашиг болон дэд бүтцээрээ нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нь өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлэхэд голлон нөлөөлсөн байна. Тус аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээр 2012-2020 онд есөн жил дараалан тэргүүлж байсан бол 2021, 2022 онд Дорноговь аймаг дээрх жагсаалтын эхэнд бичигдэж байв.
Харин Дундговь, Завхан, Говь-Алтай аймаг өрсөлдөх чадвараар сүүл мушгилаа. Эдгээр аймаг жижиг, дунд үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлж, орон нутгийн хөгжлийн бодлогоо урт хугацаанд тодорхойлох шаардлагатайг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв онцолж байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 2023 онд 66.6 болж, өмнөх жилийнхээс 1.6 оноогоор өсөөд байгаа аж.
21 аймгаас Төв, Ховд, Баян-Өлгий зэрэг 12 аймгийн оноо өмнөх жилийнхээс өссөн бол есөн аймгийн оноо буурсан үзүүлэлттэй байна.
Аймгуудын өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн бодлогын хэд хэдэн зөвлөмж гарснаас Азийн Хөгжлийн банкны "Монгол Улсын хүн амын суурьшил"-ын судалгаанд аймгийн төвүүд нь дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадваргүй, хөдөөгийн бүс нутгийг дэмжих эдийн засгийн ач холбогдлоо алдсан гэж дүгнэжээ.
Азийн Хөгжлийн банкны судалгаанд орон нутаг дахь хүн амын төвлөрөл нь голчлон мал аж ахуйгаас шалтгаалсан хэвээр байна. Иймд мал аж ахуйн салбарын үр дүнтэй ажиллагааг хангаж, үнэ цэний сүлжээ бий болгох тодорхой үүрэг бүхий төвүүдээс бүрдсэн суурин газрын шаталсан тогтолцоог үүсгэх нь чухал гэсэн гол санааг дэвшүүлжээ. Тухайлбал: ноолуурыг ангилахаас эхлээд нэхэх, сүлжих шат дамжлагууд дийлэнхдээ Улаанбаатарт хийгдэж байна. Тиймээс ноолуур боловсруулах шат дамжлагыг зарим сум, аймгийн төвүүдэд хийх шаардлагатай гэж үзжээ.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаачид ч мөн орон нутгийн онцлогийг харгалзан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэд бүтцээ сайжруулах шаардлагатайг онцолж байна.