
Зургийг: parliament.mn
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хараат бус гишүүдийг томиллоо. Төсвийн байнгын хорооноос тогтвортой байдлын зөвлөлд нэр дэвшүүлсэн болон нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан байна.
Төсвийн байнгын хороо тогтвортой байдлын зөвлөлд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг нэр дэвшүүлж, энэ сарын 10-нд Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулсан юм.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж буй хүн нэг бүрээр явуулсан нууц санал хураалтаар нэр дэвшигчдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилох тухай” УИХ-ын тогтоолыг батлагдсанд тооцов.
Тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол явуулах замаар нийтийн албаны албан тушаалтнууд, удирдлагуудыг томилдог болсон нь аливаа институцийн хараат бус, тогтвортой байдлыг хангаж буй сайн жишиг болж буй”-г онцоллоо.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Монгол Улсын төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахын тулд бие даасан хараат бусаар ажиллах, мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж УИХ болон олон нийтэд дүгнэлт, зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй.
УИХ болон Засгийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаа нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа юм.