
Зургийг: Bloomberg/Lou Benoist/AFP/Getty Images
Зах зээлд ураны үнэ өсөж байгаатай холбоотойгоор Намиби улсад байрлах уурхайгаа эргэн сэргээж магадгүй гэж Францын Төрийн өмчит “Orano Mining” группийн Гүйцэтгэх захирал Никола Маас мэдэгдлээ.
Зах зээлийн өөдрөг төсөөлөл болон геополитикийн хурцадмал байдал нь ураны үнийн өсөлтөд сайнаар нөлөөлж байгааг тэрбээр илтгэлийнхээ үеэр тодотгосон байна. Ийнхүү 2012 онд орхисон Намиби улсад байрлах төслөө эргэн сэргээх талаар бодолцож байгаагаа дурджээ.
Түүнчлэн өнгөрсөн сард Монгол Улсад 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн тус компани Канад болон Узбекистан улсад төсөл хөгжүүлэхийг зорьж байгаа юм байна.
Нөөц нь тогтоогдоогүй хангалттай уран байгаа ч шинэ уурхайнууд нэн шаардлагатай байгааг “Orano Mining"-ийн Гүйцэтгэх захирал хэлжээ.
Ураны үнэ эрчимтэй өсөж байгаатай зэрэгцээд тус компанийн цэвэр ашиг 2024 онд бараг гурав дахин өссөн үзүүлэлттэй байна.