
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
“Trafigura Group” Монгол дахь газрын тосны бизнестэй холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүй байгааг ойрын эх сурвалж мэдээлж байна. Энэ нь дэлхийн түүхий эдийн арилжааны топ тоглогчдын нэг болтлоо өргөжсөн тус компанид ирж буй ээлжит цохилт болж буй. Тус групп Монголд асуудлуудтай тулгараад байгааг сүүлийн саруудад илрүүлсэн гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн бөгөөд тэрхүү асуудал нь олон зуун сая ам.долларын алдагдал дагуулахаар байгааг тодотгожээ.
Тус компани Монголын газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэгчидтэй өрийн эргэн төлөлтийн хуваарийг шинээр тохиролцсоныг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Мөн "Бид Монголд газрын тос, металлын арилжаа хийгээд олон жил болж байна. Бид хөгжиж буй зах зээлүүдээс төлбөрөө амжилттай хүлээн авч байсан сайн түүхтэй" гэж тодотгожээ. Харин алдагдлын тухайд мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн санхүүгийн жилд 7.4 тэрбум ам.долларын ашигтай ажилласнаа тайлагнасан “Trafigura Group”-ийн хувьд энэ хэмжээний алдагдал зохицуулах боломжтой байж мэдэх юм. 1200 орчим ажилтантай тус компани өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн тэргүүлэх таваарын арилжаа эрхлэгчдийн нэг болж, өнгөрсөн онд л гэхэд 240 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлжээ. Мөн Герман, Франц, Испани улсын эрэлтийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний газрын тосыг өдөрт эргэлдүүлж байна.
Энэхүү шинэ асуудал нь “Trafigura Group”-ийн дотоод үйл ажиллагаа, хяналтад эргэлзэх өөр нэгэн шалтгаан болж буй. Үүнээс жил орчмын өмнө тус компани никелийн арилжаатай холбоотой луйварт өртөж, 500 сая гаруй ам.долларын хохирол амсаж байсан аж.
“Trafigura Group”-ийн хувьд Монголын зах зээлд өрийн бүтцийг шинэчилсэн нь дээрх никелийн хэрэгтэй харьцуулахуйц биш гэж эх сурвалж хувьдаа дүгнэж буйгаа мэдэгдсэн байна. Мөн Монгол Улсын газрын тосны зах зээл жижиг гэдэг утгаараа боломжит алдагдлын хэмжээнд нөлөөлөх юм.
Монгол Улс 2021 оны байдлаар өдөрт 35 мянган баррель газрын тос хэрэглэсэн нь өнөөгийн ханшаар жилийн дүнгээр нэг тэрбум ам.доллар хүрч байна. Монгол Улсын газрын тосны эрэлтийн дийлэнхийг ОХУ, БНХАУ-аас төмөр замаар импортолсон газрын тосны бүтээгдэхүүн хангаж байгаа юм.
“Trafigura Group” никелийн хэрэгт өртсөн зэрэг хэд хэдэн шалтгаанаар металлын бизнесээс илүүтэй газрын тосны бизнестээ илүү анхаарч байсан бол энэ чиглэлийн бизнес нь ч мөн цохилтод өртлөө. Тус компани есдүгээр сард удирдлагын багаа шинэчилсэн бөгөөд дийлэнх нь эрчим хүчний салбарт ажилласан туршлагатай хүмүүс байгаа юм.