
УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь өдрийн нээлттэй сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилт, Тавантолгой дулааны цахилгаан станц, уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилттэй холбоотой сэдвүүдээр нотлох баримтыг шинжлэн судаллаа.
“Тавантолгой түлш” ХХК 2023 оны III улирлын санхүүгийн тайлангаар 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг шинжээч мэдээлэв. Нийт өр төлбөрийнх нь 96 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт эзэлж байгаа аж. Тодруулбал: 2018 оноос 2023 оны аравдугаар сар хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ.
Мөн “Тавантолгой түлш” ХХК төлөвлөгөөнд тусгагдаагүй хэт үрэлгэн худалдан авалт хийх, худалдан авсан бараа материалын анхан шатны баримт дутуу, харилцагчтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэдэггүй зэрэг санхүүгийн зөрчил их байгаа нь тус компани алдагдалтай ажиллахад голлон нөлөөлсөн гэж үзсэн байна.
Ийнхүү алдалтай ажиллаж байгаа компанийн ТУЗ-ийн гишүүд 1.12 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал авсныг Хянан шалгах түр хорооны гишүүд онцоллоо. 2018 оноос хойш ТУЗ-ийн нийт 29 гишүүнд цалин урамшуулал болгож, 1.12 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ асуудлаар тус компанийн ТУЗ-д хамаарал бүхий одоогийн НИТХ-ийн дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Ц.Даваацэрэн нарыг гэрчээр дуудсан ч ирээгүйг тодотголоо.