
Зургийг: mongolia.gov.mn
Пакистан улсад болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзсан байна. Уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгджээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд эрчим хүчний реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бий болгох төслүүдийг хөрш улсуудтай хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн байна. Мөн гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулахад Монголын тал идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлжээ.
Энэ хүрээнд эхний ээлжид Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон байна.
Харин ОХУ-ын тал эдийн засгийн коридор байгуулах, тус улсаас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан барих төслийг дэмжиж, бодит ажил болгоход анхаарна гэдгээ мэдэгджээ.
Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг ирэх онд зохион байгуулахаар тохиролцсон байна.