
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасаж, ирэх хавар үнэ хөөрөгдөх эрсдэл байгаа тул махны үнийг тогтворжуулахын тулд Засгийн газраас экспортод нь квот тогтоохоор шийдвэрлэснийг ХХААХҮ-ийн сайд мэдээллээ. Квот тогтоох зохицуулалтыг ирэх зургаадугаар сарын нэгнийг хүртэл хэрэгжүүлэх юм байна.
2023-2024 онд өвөлжилт хүндэрч, 9.3 сая толгой мал хорогдсон. Харин энэ жилийн өвөл цаг агаар харьцангуй тогтвортой байгаа тул малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаас илүү өсгөх сонирхолтой байгаа зэрэг нь зах зээлд махны нийлүүлэлт багасахад нөлөөлж буй.
Монгол Улс БНХАУ, ОХУ, Казахстан, Узбекстан, АНЭУ, Иран зэрэг улсад үхэр, адуу, хонь, ямааны мах экспортолдог. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын мэдээллээр 2024 онд нийт 188.6 сая ам.долларын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолжээ. Мөн 3.2 сая ам.доллароор амьд мал экспортолсон байна. Харин 2025 он гарсаар 4200 орчим тонн мах экспортод гаргаад байгаа аж.
2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 57.6 сая толгой мал тоологдсоноос 2025 онд зургаан сая орчим малын махыг дотоодын хэрэгцээнд, гурван сая малын махыг экспортод гаргах тооцоо байгаа аж. Нөөцийн маханд 5000 гаруй тонн мах хадгалаад байгааг салбарын сайд мэдээллээ. 2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10 мянган тонн мах бэлтгэж, энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Засгийн газрын хэрэгжүүлэх “Атрын IV аян”-ы талаар танилцууллаа. Тус аяны хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, газар тариалангийн талбайг шинээр нийт 200 мянган га-аар нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа юм.
Мөн хөрс хамгаалах, ойн зурвасууд байгуулах, үр сортын аж ахуй бий болгох, төмс, хүнсний ногоо, улаанбуудайн үрийг дотоодоос бүрэн хангах, хүлэмжийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, тэжээлийн таримлыг нэмэгдүүлнэ. Мах, сүүний чиглэлийн ашиг шимтэй үхрийн тоо толгойг өсгөж, 200 мянга хүргэхээр төлөвлөж байгаа аж.