
Зургийг: С.Батсайхан
УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар баталлаа. Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан юм.
Тогтоолын дагуу ирэх оны сонгуулийг Улаанбаатар хотод зургаан тойрог, орон нутагт бүсчилсэн долоон тойрог байхаар батлав. Тухайлбал: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг нэгтгэн I тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг нэгтгэн II тойрог, Баян-Өлгий аймаг III тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгийг нэгтгэн IV тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэн V тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг нэгтгэн VI тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг нэгтгэн VII тойрог, Баянзүрх дүүрэг VIII тойрог, Баянгол дүүрэг IX тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг нэгтгэн X тойрог, Сонгинохайрхан дүүрэг XI тойрог, Хан-Уул дүүрэг XII тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэн XIII тойрог байхаар тооцсон байна.
Сонгуулийн тойргийг зурахдаа сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн онцлог, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзсэн гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тодотголоо.
2012 оны сонгуулиас хойш анх удаа төсвийн тодотголоор санал тоолох төхөөрөмжийг шинэчилж байгаа бөгөөд туршилтын тооллого хийнэ гэж Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэв. Мөн 2024 онд УИХ-ын гишүүдийн тоо 50-иар нэмэгдэж байгаатай холбоотойгоор олон нэр дэвшигчийг дугуйлахад цаг хугацаа шаардагдах тул сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг хангалттай байршуулсан гэж тайлбарлалаа.
Үүнээс гадна УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “УИХын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 28-ны өдөр байхаар тусгаад байгаа бөгөөд УИХ-ын зарим гишүүд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 26-нд буюу лхагва гарагт, гадаадад оршин сууж буй иргэдийн хувьд хэвээр байхаар санал оруулаад байгаа юм.
Тиймээс зарим гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хүрээнд товыг дахин ярилцах завсарлага өгөхийг хүссэн тул баасан гараг хүртэл буюу нэг хоногийн завсарлага өгсөн байна.