
Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр хоёр улсын Төрийн тэргүүн өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.
Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан байна. Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Харин Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирoмонович Мирзиёев Узбекистан улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй байгаагаа тодотголоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг дурдаад "Хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монгол Улсаас Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар болж буй"-г онцолж байна.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын Төрийн тэргүүний тохиролцсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар болжээ. Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдсэн байна.
Түүнчлэн “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгууллаа. Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Узбекистан улсад хийж буй айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй Монгол-Узбекистаны бизнес форумд хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар болсон байна.