
Зургийг: Michaela Nagyidaiova/Bloomberg
Дундад зууны түүхтэй Чехийн Штернберк хотын захад орших хуучин үйлдвэрт Дэлхийн хоёрдугаар дайны дараа нацистуудын орхисон байлдааны тээврийн хэрэгслүүдийг засдаг байв. Өдгөө тус үйлдвэр Европын шинэ дайны фронт руу илгээгдэх машин техникүүдийг бөөнөөр үйлдвэрлэдэг группийн нэг хэсэг болж, эзэмшигчээ тэрбумтан болгожээ.
“Excalibur Army” компани нь өвс ургамалд дарагдаж, зэвд идэгдсэн Зөвлөлтийн үеийн танкнуудыг цуглуулж, ажиллагаанд бэлэн болгон сэргээн засварладаг байна. 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан довтолсноос хойш Михал Стрнадын удирддаг тэрхүү бизнес Хүйтэн дайны төгсгөлөөс хойших зэвсэг техникийн хамгийн том эрэлтээс ихээхэн ашиг олжээ.
1995 онд Михал Стрнадын эцэг үүсгэн байгуулж байсан “Excalibur Army” нь өдгөө “Czechoslovak Group” буюу “CSG”-ийн бүрэлдэхүүн дэх хамгийн том, хамгийн ашигт ажиллагаатай компани болсон байна. Өнгөрсөн онд орлого нь 1.9 тэрбум ам.доллар хүрч, 2021 оныхоос гурав дахин өссөнийг тус компани өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
"Дайн маргааш дууслаа ч шавхагдсан нөөцийг эргэн бүрдүүлэхэд олон жил шаардагдана. Батлан хамгаалахын зарцуулалтаа нэмж, үйлдвэрлэлээ эрчимжүүлэх хэрэгтэй болно. Удаан хугацааны турш эрэлт өндөр байна гэдэгт би итгэлтэй байна" хэмээн Михал Стрнад онцолж байлаа.
Танк засаж сэлбэхээс гадна өөрсдөө байлдааны машин техник, иргэний болон цэргийн хэрэгцээний ачааны автомашин үйлдвэрлэдэг тус компанийн захиалга олон жилээр дүүрсэн байгааг тэрбээр мөн мэдээлсэн юм.
“CSG” 2020 онд Испанийн зэвсэг үйлдвэрлэлийн “Fabrica de Municiones de Granada”-ийг, үүнээс хоёр жилийн дараа Италийн “Fiocchi Munizioni SpA”-ийг худалдан авч бизнесээ тэлсэн байна. Өдгөө тус компани “Vista Outdoor”-ийн сум үйлдвэрлэлийн бизнесийг худалдаж авахаар ажиллаж байгаа бөгөөд хэлцэл нь АНУ-д улс төрийн тодорхой эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.
“Excalibur Army”-ийн өдийг хүртэл засаж сэлбэсэн байлдааны хүнд машин техникүүд дунд 300 гаруй T-72 танк багтана. Одоогоор тэдгээрийн 100 орчмыг галт тэргээр Украин руу илгээгээд байгаа аж. Мөн “CSG”-ийн өөр нэг том бизнес болох их бууны сум үйлдвэрлэл Украины дайн эхэлснээс хойш 10 дахин өсөөд зогсохгүй дэлхийн найман улс дахь ажиллах хүч нь гурав дахин өсөж 10 мянга хүрчээ.
Михал Стрнад 2018 онд 30 нас ч хүрээгүй байхдаа эцгийнхээ бизнесийг залгамжлан авч, “CSG”-ийн цор ганц эзэмшигч болсон байна. “Bloomberg Billionaires Index”-ийн мэдээллээр түүний нийт хөрөнгийн хэмжээ хамгийн багадаа таван тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд компани нь Европын зэвсэг үйлдвэрлэгчдийн дунд өсөлтөөрөө тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байгаа аж.
“CSG” групп одоогоор Европын гурван оронд угсралтын шинэ үйлдвэрүүд барьж эхэлсний сацуу “Vista Outdoor”-ийн охин компанийг 1.9 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавиад буй. Хэрэв хэлцэл амжилттай болбол “CSG” олон улсын зээлдэгч байгууллагууд, бонд эзэмшигчдээс санхүүжилт татаж, ихэвчлэн дотоодын банкнуудын зээлээс бүрдсэн бүх өрөө дахин санхүүжүүлж магадгүй байгаа ажээ.