
Зургийг: Luka Jankovic/iStockphoto
Өвлийн хүйтэн жавар цахилгаан автомашины цэнэг хураагуур дахь химийн урвалыг удаашруулснаар хадгалах цэнэгийн хэмжээ нь багасдаг. Ингэснээр тухайн автомашины туулах зай богиносож таарна. Хэр их хүйтэрнэ, тэр хэрээр туулах зай багасдаг. Харин сайн мэдээ байгаа нь энэ бол түр зуурын асуудал.
Цахилгаан автомашинуудын хувьд өөр өөр үзүүлэлт гарах нь бий. АНУ-ын “Recurrent” компани 12 загварын 10 мянга гаруй цахилгаан автомашиныг хамруулан судалгаа хийсэн бөгөөд өнгөрсөн сард гаргасан тайлангаас харвал цельсийн 0 хэмд “Ford”-ийн “F-150 Lightning” загварын туулах зай жирийн үеийнхтэй харьцуулахад 26 хувиар бага байжээ. Харин “Volkswagen ID.4”-ийн хувьд туулах зай нь 46 хувиар хорогдсон дүн гарсан байна.
2020 онд “Nissan Leaf” загвар дээр хийсэн туршилтын дүнг харвал цельсийн 25 хэмд 30 минут цэнэглэхэд цэнэг нь 80 хувьд хүрсэн бол цельсийн 0 хэмд ижил хугацаанд ердөө 50 орчим хувийн цэнэг авч байжээ.
Хэт халуун цаг агаар нь явцын дунд цэнэг хураагуурыг ажиллагаагүй болгох хэмжээний нөлөөтэй бол хүйтэн цаг агаараас шалтгаалан цахилгаан автомашины туулах зай богиносох нь түр зуурын асуудал аж. Өөрөөр хэлбэл цэнэг хураагуурт урт хугацааны асуудал үүсгэдэггүй байна.
Хүний биетэй зүйрлэвэл цахилгаан автомашины цэнэг хураагуур нь тодорхой нөхцөлд хамгийн бүтээмжтэй, хамгийн сайн үзүүлэлттэй ажиллана. Хүн хэт халуунд, эсвэл хэт хүйтэнд бүтээмжтэй ажиллаж чаддаггүйтэй үүнийг зүйрлэж болно. Дээрхийн аль ч тохиолдолд тухайн автомашины программ нь цэнэг хураагуурт хэт ачаалал үүсгэхгүйн тулд цэнэглэх хурдыг мөн удаашруулдаг аж.
Ингээд хүйтэнд цахилгаан автомашины туулах зай богиносдогийг хэрхэн хамгийн бага байлгаж, зам зуур саатахаас сэргийлэх зарим зөвлөгөөг сийрүүлье.
- Аль болох дулаанд зогсоолд, дотор орчинд цэнэглэ
- Цахилгаан автомашинаа урьдчилан бэлтгэ
Өөрөөр хэлбэл жолоодохоосоо өмнө автомашинаа халаах зорилгоор асаах хэрэгтэй бөгөөд апп ашиглан асаах сонголт цөөнгүй загварт бий. Хэрэв автомашинаа цэнэглэж байхдаа ийнхүү халааж байгаа бол цэнэг хураагуураа гамнаж байна гэсэн үг.
- Батарейгаа гамнахын тул дулаанаа хэмнэ
Цэнэг нь хянах самбарт зааж байгаагаасаа өмнө дуусаж, автомашин таг зогсох эрсдэл ч бий. Иймд салоныхоо температурыг тухтай байх түвшнээс арай доогуур байлгаснаар батарей илүү удаан ажиллана.
- Хурдан цэнэглэх нь туулах зайд нөлөөтэйг тооц
Цахилгаан автомашиныг жирийн горимоор цэнэглэх нь цэнэг хураагуур илүү их цэнэг хуримтлуулах нөхцөл болдог. Хэдий тийм боловч энэ нь цаг авсан процесс тул аяллын дундуур тийм ч оновчтой сонголт биш. Түргэн цэнэглэхээс өөр сонголтгүй тохиолдолд энэ нь хүйтэн цаг агаарын нөлөөнөөс гадна туулах зайг 20 хувиар богиносгох хүчин зүйл болохыг “American Automobile Association” байгууллагын захирал Грег Браннон сануулж байна.