
Зургийг: Nathan Laine/Bloomberg
“JPMorgan Chase” банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон компанидаа ажиллах хугацаа нь "Таван жил биш болсон" хэмээн хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр мэдэгдсэн байна. Мөн тус банк түүний дараагийн залгамжлах хүнийг сонгохоор төлөвлөж байгааг мэдээллээ.
Түүнээс "Компанидаа хэр удаан ажиллах вэ" гэж асуух болгонд тэрбээр байнга "таван жил" гэж хошигнон хариулдаг байсан аж. Сүүлийн үед хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө хаях болоод буй "JPMorgan Chase"-ийн Гүйцэтгэх захирлын албыг тэрбээр 2006 оноос хойш хашиж байгаа юм.
“JPMorgan Chase” банк хиймэл оюуны технологийг зааж сургах ажилтнуудыг олноор нь авч ажиллуулж байгаа аж.
Жэйми Даймон хиймэл оюуныг цаасан хэвлэл, уурын зуухтай дүйцэхүйц томоохон хувьсал хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр ирсэн юм. Тэрбээр “Надад эрч хүч байна. Байсаар ч ирсэн. Энэ л чухал. Харин бүх хүчээ хуримтлуулж байгаад ажилдаа шамдах хэрэгтэй байсан бол би ажлаа өгсөн нь дээр” хэмээн онцолжээ.
“JPMorgan Chase” банкны Гүйцэтгэх захирал Жэйми Даймон
“Манай ажилтнуудыг харвал дийлэнх нь компанийн бүхий л салбар нэгжид ажиллаж үзсэн хүмүүс байгаа. Санхүү, хэрэглэгчийн алба, хөрөнгө оруулалтын банк гээд тэд компаниа бүхэлд нь сайн мэднэ. Компанийн гол үйл ажиллагаа хариуцсан хүмүүс бараг бүгд энд цугласан байх шиг байна.
Та бүхний мэдэж байгаачлан компанийн үйл ажиллагааны удирдлагыг Даниель Пинто залгамжлаад байна. Үүнийг та нар өөр компаниас харах уу? Иймд та бүхэн өөрсдөдөө үнэлгээ хийх хэрэгтэй байна. Компанийг залгамжлах хүний талаар шинжээчид байнга л асуудаг. Харин удирдагч болно гэж харж буй хүндээ өөрсдөө үнэлгээ өгч болно. Та нарын дунд чадварлаг Гүйцэтгэх захирал потенциалтай олон хүн бий гэж та бүхэн ч хэлэх байх” гэж мэдэгдлээ.