
Зургийг: Raul Ariano/Bloomberg
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 47 хувьцаат компани 2024 онд нэг их наяд орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь 2023 онтой харьцуулахад 27 хувиар өссөн дүн болж байна.
Тэр дундаа зургаан банкны хуваарилсан ногдол ашиг нийт 543 тэрбум төгрөг дөхөж, нийт хуваарилалтын 50 гаруй хувийг бүрдүүлжээ.
Ногдол ашгийн нийт дүнгээр 271 тэрбум төгрөг тараасан "ХААН Банк" ХК тэргүүлсэн бол нэгж хувьцаанд ногдох ашгаар "Жуулчин Дюти Фрий" ХК 30 мянга 600 төгрөг хуваарилснаараа тэргүүлж байна.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшдэг иргэн бүрд 337 мянган төгрөгийн ногдол ашгийг 2024-2025 онд гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн юм.
Төрөөс татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээний хүрээнд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувиар хөнгөлсөн. Мөн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг таван хувь болгож бууруулсан нь ногдол ашгийн хэмжээ цаашид өсөхөд нөлөөлөх төлөвтэй байна.