
Зургийг: mongolia.gov.mn
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж буй ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг байнгын хороодоор хэлэлцэх явцад давхардсан тоогоор зарчмын зөрүүтэй 300 гаруй саналын томьёолол гарсан байна.
ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайг Ерөнхий сайд мэдээлсэн. Улсын төсвийн эх үүсвэрээс үүний 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой учраас төсвийн хөрөнгийг үржүүлэх хүрд болгон ашиглах зарчимтайг тодотгосон. Мөн эдийн засаг жилд дунджаар 5-8 хувиар өсөх үед хөтөлбөр хэрэгжих боломжтой гэж үзэж байна.
Гэхдээ эдийн засгийн өсөлтөө хангахын тулд зөвхөн эрдэс баялгийн салбартаа тулгуурлах бус, бусад салбараа хөгжүүлэх шаардлагатайг зарим гишүүд анхааруулсан. Мөн бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэртэй зээл шаардлагатайг дурдлаа.
Хэдийгээр төсвийн хүрээний мэдэгдлээр дунд хугацаанд инфляц 3 хувьд хүрэх зорилттой боловч ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрчим хүч, ХАА зэрэг зарим салбарт тариф чөлөөлөх зорилтууд тусгагджээ. Тиймээс инфляцад шууд болон дам нөлөө бий болох тул инфляцыг дунд хугацаанд 5-аас доош хувьтай байхаар зорьж байгаа. Ингэснээр цаашид зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ гэж ЭЗХЯ үзжээ. Мөн хөтөлбөрт ядуурлыг 2 дахин бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд ажил эрхлэлтийн түвшин 60 хувьтай байгаа нь дэлхийн дундаж 65-70 хувиас доогуур байгаа юм.