
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Улаанбаатар хотод хоёрдугаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 11 хувиар өслөө. Үндэсний статистикийн хорооны нэгтгэсэн мэдээллээр орон сууцны үнийн индекс өмнөх саруудаас эрчимжсэн бөгөөд сарын хугацаан дахь өөрчлөлт нь 1.8 хувьтай байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард орон сууцны үнийн индекс жилийн 8.1 хувьтай гарч байсан бол энэ оны хоёрдугаар сард шинэ орон сууцны үнийн өсөлт эрчимжсэнээр индекс 11 хувьтай гараад байгаа юм. Тухайлбал: шинэ орон сууцны үнийн өсөлт жилийн 11.7 хувьтай, хуучин орон сууцных 10.4 хувьтай гараад байна.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөн ипотекийн зээлийн санхүүжилт болон Төв банкны бодлогын хүүтэй харьцах хамаарал өндөр хэвээр байгааг бетон зуурмаг үйлдвэрлэлийн “Ремикон” ХК-ийн Гүйцэтгэх захирал тодотгож байв. Мөн тэрбээр 2024 он гарсаар ипотекийн зээл олголт илүү удааширч байгааг дурдсан юм.
“Тэнхлэг зууч” компаниас гаргасан IV улирлын тайлангаас харахад шинэ орон сууцны нийлүүлэлт нэмэгдэж, 58 мянга 189 айлын 278 төсөл хэрэгжиж байснаас 16 мянга 198 айлын 131 төсөл ашиглалтад ороод байгаа аж. Харин 41 мянга 991 айлын 147 төсөл ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Мөн захиалгаа зогсоосон 4830 айлын 37 төсөл байгааг “Тэнхлэг зууч” мэдээллээ.