
Зургийг: С.Батсайхан
Монголбанк энэ оны сүүлийн мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр Монголбанк энэ онд бодлогын хүүг гурван удаа бууруулж, хоёр удаа хэвээр үлдээгээд байна.
11 дүгээр сард инфляц 8.1 хувь хүрч, Төв банкны зорилтот түвшнээс давсан, мөн Төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөн, төсөв тэлсэн, эрэлт нэмэгдсэний дам нөлөөгөөр ирэх оны эхний хагаст инфляц эрчимжих төлөвтэй гэж үзсэн тул ийнхүү шийдвэрлэжээ.
Үүнээс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь инфляц нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Төв банк үзэж байна.
Мөн банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсэн хэвээр байгаа нь хэрэглээний импорт, дотоод эрэлтийг өдөөх, цаашлаад санхүүгийн салбарт эрсдэл бий болох магадлалтай. Тиймээс зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банкнуудын төгрөгийн болон валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус тус нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 11 хувь болон 16 хувьд хүргэх шийдвэр гаргав.