
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Samsung Electronics” компани 2024 оны IV улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 4.5 тэрбум ам.долларын үйл ажиллагааны ашигтай ажилласнаа тайлагналаа.
Тус компани өнгөрсөн улиралд судалгаа хөгжүүлэлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа идэвхтэй эрчимжүүлэх стратеги баримталсан ч ашгийн үзүүлэлт нь шинжээчдийн дундаж таамгаас 27 орчим хувиар тааруу гарсан байна.
“Samsung Electronics”-ийн суурин компьютер болон гар утсанд зориулагдсан уламжлалт хагас дамжуулагч бүтээгдэхүүний эрэлт буураад байгаа аж. Түүнчлэн гар утасны сегментэд өрсөлдөөн нэмэгдэж, үйлдвэрлэлийн түвшин буурсныг мэдэгдэлдээ дурдсан байна. 2024 оны дэлгэрэнгүй тайланг энэ сарын эцсээр танилцуулах юм.
Тус компанийн хувьцааны ханш тайлангаа танилцуулсны дараа 1.3 хувиар буурлаа. “Samsung Electronics” 2024 онд зах зээлийн үнэлгээнийхээ 30 орчим хувийг алдсан бол нөгөө талд тус компанийн өрсөлдөгч “SK Hynix”-ийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өсжээ.
Үүнээс гадна АНУ-ын Лас Вегас хотноо болж буй технологийн CES арга хэмжээний үеэр “Samsung Electronics” компани “Ballie” хэмээх хиймэл оюун ухаант туслах, “Galaxy Book5 Pro”, ухаалаг угаалгын машин, хатаагч зэрэг хэд хэдэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ үеэр “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан “Samsung Electronics” хамгийн өндөр хүчин чадалтай санах ойн чипийн техникийн асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа тус компанийн хувьцааны ханш 3.1 хувиар өсжээ.