
Зургийг: Oliver Bunic/Bloomberg
“Fitch Ratings” зэсийн зах зээлийн төсөөллөө танилцууллаа. 2023 онд дэлхийн зэс үйлдвэрлэгчдийн төлөв “Тогтвортой” байна гэж онцолжээ. Улс орнууд ногоон эрчим хүчний шилжилтээ эрчимжүүлж, зэс үйлдвэрлэгчдийн санхүүгийн үзүүлэлт харьцангуй сайн байхаар байгаа нь үүнд голлон нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна.
Харин зэсийн үнэ 2024, 2025 онд тонн нь дунджаар 8000 ам.доллар байх төлөвтэй гэж тооцоолжээ.
Зэсийн нийлүүлэлтэд уурхайн үйл ажиллагааны доголдол, төслийн өртөг нэмэгдэх зэрэг эрсдэлүүд байсан хэвээр байна гэж үзэж байгаа аж. Энэ нь мөчлөгийн оргил үе болох 10 мянга 500 ам.доллароос харьцангуй доогуур дүн болохоор байна.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор энэ оны эхээр эрчимтэй өсөөд байсан зэсийн үнэ сүүлийн саруудад эрс буураад байсан юм.
Хэдий тийм боловч улс орнууд цэвэр эрчим хүчний шилжилтээ эрчимжүүлж байгаатай холбоотойгоор зэсийн эрэлт ирэх зургаан жилд тасралтгүй өсөх тооцоог “BloombergNEF”-ийн тайлан харуулж байна.
Судлаач М.Дагва