
Зургийг: Bloomberg
Монгол Улс оны эхний сард 973.2 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Импортын бараа, бүтээгдэхүүний 21.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 14.3 хувийг суудлын автомашин, 6.1 хувийг ачааны автомашин, 2.1 хувийг эрчим хүч, үлдсэнийг нь бусад бараа, бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Нэгдүгээр сард 206.5 сая ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Мөн 139.3 сая ам.доллароор суудлын автомашин худалдан авсан нь 16 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс гадна өндөгний импорт өнгөрсөн оны эхний сараас 18.7 хувиар, улаанбуудайн гурилынх 1.9 дахин, өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 3.8 дахин өсжээ.
2024 оны эцэст инфляц Төв банкны зорилтот түвшнээс давахад цахилгаан, махны үнийн өсөлтөөс гадна импортын бараа, бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөлснийг Монголбанк мэдээлж байсан юм. Сүүлийн гурван сарын дунджаар инфляцад импортын бараа, бүтээгдэхүүний нөлөө 2.3-2.6 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
2025 онд авто зам, эрчим хүч, төмөр замын бүтээн байгуулалтуудаас гадна зарим мега төсөл хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор импортын бараа, бүтээгдэхүүний татан авалт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Гадаад худалдааны эргэлт нэмэгдсэнээр 2025 онд гаалийн албан татварын орлого 2.2 их наяд төгрөг, импортын барааны НӨАТ-ын орлого 4.8 их наяд төгрөг болох тооцоолол байгааг Сангийн яам танилцуулж байлаа.