
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Таваарын биржүүдэд зэсийн худалдан авалт эрс нэмэгдсэнээр БНХАУ-ын зэсийн зах зээлийн тамир тэнхээг хэмждэг үзүүлэлт 2023 оны сүүл үеэс хойших дээд түвшинд хүрч өслөө. БНХАУ-ын Яншань дахь зэсийн премиум үнэ хоёрдугаар сарын эцсээр тонн нь 35 ам.доллар байсан бол даваа гарагийн байдлаар 93 ам.доллар болж өссөнийг “Shanghai Metals Market”-ийн үзүүлэлт харуулж байна.
Премиум гэдэг нь импортын зэсийн биржийн үнэ дээр худалдан авагчдын нэмж төлж буй үнийг хэлдэг бөгөөд энэ үнэ огцом өссөн нь худалдааны зөрчлийн эрсдэлтэй зэрэгцэн зах зээлд нийлүүлэлт хумигдмал байгааг илтгэж байгаа юм.
БНХАУ-ын дотоодын эрэлт эрс нэмэгдэж, агуулахуудын нөөц сүүлийн долоо хоногуудад хурдацтай шавхагдаж байгаа аж.
Шанхайн фьючерс биржийн хянадаг агуулахуудын нийт нөөц өнгөрсөн долоо хоногт 54 мянга 858 тонноор буурч, 117 мянга гаруй тонн болсон нь 2003 оноос хойш бүртгэгдээгүй үзүүлэлт болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортыг онилсон тариф зарлах болгоомжлолоос үүдэн АНУ-д их хэмжээний зэс нийлүүлэгдэж, бусад зах зээлүүдэд нийлүүлэлт агшиж байгаа юм.
Дональд Трамп улс орнуудад ногдуулах тарифаа анх зарласны дараа зэсийн зарах арилжаа эрс идэвхжээд байсан ч түүнээс хойш үнэ нь хурдтай сэргээд байна.