logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ажиллах хүчний хомсдол гүнзгийрэх төлөвтэй ч гадаадаас ажилтан авах зардал өндөр хэвээр байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 30 10:00
    175

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо оны эхний улиралд өмнөх улирлаас 23 хувиар өсжээ

    2028 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдэд тулгарч болзошгүй мундахгүй олон саадуудаас хамгийн том нь санхүүжилт гэхээсээ илүү ажиллах хүчний хомсдол байж магадгүй байна.

    Гадаад хүн ажиллуулахад ₮7.6 сая

    Ирэх жилүүдэд томоохон мега төслүүд хэрэгжүүлэхэд ойролцоогоор 280 мянга орчим ажлын байр бодитоор бий болох тооцоо гарсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд мэдээлж байлаа. Тэдгээрийн дийлэнхийг барилга, замын салбарын ажлын байр бүрдүүлж таарна. Хэдий тийм боловч ажиллах нөхцөл хүнд, улирлын чанартай, ажлын байр тогтворгүй, цалин бага гэсэн шалтгаанаар залуус энэ мэргэжлээр суралцахаас, энэ салбарт ажиллахаас татгалзах нь их.

    Нэгэнт мэргэжилтнүүдийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах шаардлага тулгарна. Монгол Улс гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгохдоо ажиллах хугацаагаар нь тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр сар тутам авдаг. 2025 оны байдлаар аж ахуйн нэгжүүд гадаадын нэг иргэн ажиллуулахад сард нэг сая 584 мянган төгрөг төлж байна.

    unnamed (1).jpg

    Гэтэл үүн дээр тухайн ажилтны виз, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, орон байр зэрэг зардлыг нэмж тооцвол гадаадын нэг ажилтан нэг сар ажиллуулахад гарах зардал 7.6 сая төгрөг болж байгааг “Barilga.MN” тооцоолж байлаа. Харьцуулбал Монгол Улсын барилгын салбарын дундаж цалин өнгөрсөн оны байдлаар 2,072,900 төгрөг байгаа юм.

    Ойрын 5-8 жилд 38 мянган инженер техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай гэсэн Боловсролын яамны тооцоо бий. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 4.5 хувиар өснө гэж тооцвол 2030 онд 1.6 сая, 2035 он гэхэд 1.8 сая ажилтан хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай болно гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар судалгаандаа дурдсан байна.

    Статистик харвал

    Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо 2025 оны I улиралд өмнөх улирлаас 23 хувиар, өмнөх оны мөн үеэс 71 хувиар өссөн байна. Оны эхний улирлын байдлаар Монгол Улсад 9900 орчим гадаад иргэн гэрээгээр ажиллаж буйг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тэдний дийлэнх буюу 60.2 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд уул уурхай, боловсрол, үйлчилгээ, барилгын салбарт голлон ажиллаж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих