logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийг шуурга мэт дайрсан Дональд Трампын засаглалын эхний 100 хоног
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 01 09:00
    237

    Зургийг: Getty Images/Bloomberg

    100 хоногийн өмнө Дональд Трампыг боксчин мэт тулааны өмнө “ам мэх” хийж байна гэж олон хүн бодож байв

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхний 100 хоног дуулиан шуугиан, гэнэтийн шийдвэрүүд, хатуу сүрдүүлгээр дүүрэн байж, дэлхийн санхүүгийн зах зээлийг “галзуу хулгана”-д суулгалаа.

    Уналтаар эхлэв

    Хэрэв америкчууд түүнийг Ерөнхийлөгчөөр сонговол “хаана ч байхгүй тэсрэлт болно” хэмээн Дональд Трамп сонгуулийн өмнө амлаж байлаа. Ажлаа авснаас хойших үйл ажиллагааны хувьд тэр үнэхээр “тэсэрч” чадсан. Ажлын эхний 100 өдрөө тэрбээр 100 гаруй захирамжид гарын үсэг зурав. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчдын хүлээж байсан тэсрэлт болсонгүй.

    unnamed.jpg

    Дональд Трамп тангаргаа өргөснөөс хойш дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд “S&P 500 Index” найм гаруй хувиар буурчээ. Хамгийн сүүлд 1974 онд Ерөнхийлөгч Жералд Фордын эхний 100 хоногоос хойш тус индекс ийм тааруу үзүүлэлттэй байгаагүй юм. Хоёр жил дараалан 20-иос дээш хувийн өсөлт үзүүлсэн “S&P 500 Index” нь “өсөлтийг нэгдүгээрт” гэсэн бодлоготой Дональд Трампын үед ийнхүү 180 хэм эргэнэ гэж төсөөлж байсан хүн “Wall Street”-д тун ховор байх.

    Тарифаас үүдсэн тодорхойгүй байдал, цагаачдыг албадан буцаах эрчимтэй ажиллагаа, төрийн албан хаагчдын өршөөлгүй цомхотгол нь хөрөнгө оруулагчдыг айлгаснаар “S&P 500 Index” 1929 оноос хойш долоодугаарт бичигдэх өндөр хурдаар коррекцын бүс рүү орж байна.

    Ноён доллар хүчээ алдав

    Түүний ажлын эхний 100 хоногт ам.долларын ханш Ерөнхийлөгч Ричард Никсоны үеэс хойших хамгийн тааруу үзүүлэлттэй байлаа. 1971 оны “Никсоны шок” гэж нэрлэгдсэн арга хэмжээний үр дүнд ам.долларын ханшийг алттай уялдуулдаг стандарт дуусгавар болж, чөлөөт ханшийн тогтолцоог нэвтрүүлж байсан юм.

    Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны хооронд ам.долларын индекс ес орчим хувиар унасан нь 1973 оноос хойших хамгийн огцом уналтад тооцогдож байна. Харьцуулбал 1973-2021 он хүртэлх хугацаанд ам.долларын ханш шинэ Ерөнхийлөгчийн ажлын эхний 100 хоногт дунджаар 0.9 хувиар чангарч байжээ.

    unnamed (2).jpg

    Тарифын бодлого нь хөрөнгө оруулагчдыг АНУ-аас гадуур хөрөнгөө хуримтлуулахад хүргэсэн нь ам.долларын ханш сулрахад нөлөөлсөн гол хүч байлаа. Тангаргаа өргөснөөс нь хойш евро, швейцар франк, иений ам.доллартой харьцах ханш тус бүр найман хувиар өсөөд байгаа юм.

    Гадаад бодлого, дотоод рейтинг

    100 хоногийн өмнө Дональд Трампыг боксчин мэт тулааны өмнө “ам мэх” хийж байна гэж олон хүн бодож байлаа. Канад, Гринландыг улсдаа нэгтгэхээр сүрдүүлж, бүх дэлхийтэй эдийн засгийн дайн зарлаж, Украиныг эзлэн түрэмгийлүүлснийх нь төлөө буруутгахад нь жинхэнээсээ хэлээгүй байх гэж найдаж байв. Гэтэл энэ бүхэн буруу байж таарсан.

    Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхий нийтийн харж дассан АНУ-ын “энэрэнгүй манлайлагч”-ийн дүр төрхийг Дональд Трамп ерөнхийдөө өөрчилчихлөө гэж “Bloomberg”-ийн нийтлэлч Андреас Клут онцолжээ. “Дональд Трамп АНУ-ын зөөлөн хүчний бодлогыг дуусгавар болгоод зогсохгүй “хатуу хүч” болгон хувиргаж байна. НҮБ, Дэлхийн Худалдааны Байгууллага, NATO-ийг байгуулахад АНУ гол үүрэгтэй оролцож, эдгээр байгууллагаар дамжуулан даян дэлхийн либерал дэг журмыг бий болгож байлаа. Харин өдгөө энэхүү дэг журам бидний нүдний өмнө нуран унаж байна” хэмээжээ.

    Эдийн засгийн энэхүү протекционист бодлого, АНУ-ын эдийн засаг уналтад орох айдастай хоршсоноор Америкийн сонгогчдынх нь дунд Дональд Трампын рейтинг хурдацтай унаж байна. NBC, CNN, New York Times, ABC News зэрэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн сүүлд явуулсан санал асуулгаар “Шинэ Ерөнхийлөгч ажлынхаа эхний 100 хоногт эдийн засгаа хүчирхэгжүүлэх амлалтаа биелүүлж чадахгүй байна” гэсэн үнэлгээ давамгайлжээ.

    Монголд яаж нөлөөлөв?

    Дональд Трамп тангараг өргөснөөс хойш өдийг хүртэл төгрөгийн ам.доллартой харьцах ханш дөрөв орчим хувиар суларсныг эс тооцвол АНУ-ын худалдааны тарифын шууд нөлөөлөл Монгол Улсад төдийлөн мэдрэгдээгүй байна. Худалдааны гол түнш БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний улиралд 5.4 хувиар өссөний дийлэнхийг экспортын салбар бүрдүүлсэн нь Монголын түүхий эдийн эрэлт ажрахгүй байх боломжтойг харуулсан. Хэдий тийм боловч “Худалдааны дайн” цаашид улам хурцдах, БНХАУ-д тарифын нөлөөлөл оны эцсээр илрэх эсэх гээд тодорхойгүй байдал их байна.

    Харин Монголд ардчилал гарснаас хойш хөгжлийн төслүүдэд хамгийн өндөр дүнтэй тусламж дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын нэг болох АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг буюу USAID-ийн санхүүжилтийг Дональд Трампын засаг захиргаа зогсоогоод байгаа.

    Мөн энэ сард Илон Маскийн удирддаг DOGE буюу Засгийн газрын бүтээмжийн департамент АНУ-ын Мянганы сорилтын корпорацыг татан буулгаж, төсөл хөтөлбөрүүдийг нь зогсоосон юм. Ингэснээр тус корпорацын Монголд хэрэгжүүлж бараг дуусаад байсан Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх Усны компакт гэрээний хувь заяа тодорхойгүй болж байна. 

    Cэтгэгдэл бичих