
Зургийг: yna.co.kr
Бүгд Найрамдах Чех улсад цөмийн хоёр реактор барих олон тэрбум ам.долларын дүнтэй төслийн тендерт БНСУ-ын консорциум ялалт байгууллаа. Энэ нь тус улсын хувьд 16 жилийн дараа анх удаа гадаад улсад хэрэгжүүлэх атомын цахилгаан станцын төсөл болохоор байгааг “Reuters” онцолж байна.
Ирэх лхагва гарагт БНСУ-ын Төрийн өмчит “Korea Hydro & Nuclear Power” компанийн тэргүүлсэн тус консорциум Чехийн “Elektrarna Dukovany II” компанитай төслийн гэрээнд гарын үсэг зурах юм байна.
Бүгд Найрамдах Чех улсын өмнөд хэсгийн Дукованийн цахилгаан станцад баригдах хоёр реакторын төслийн нийт өртөг 26 их наяд вон буюу 18.2 тэрбум ам.доллароор хэмжигдэх тооцоотой байгаа аж.
БНСУ хамгийн сүүлд 2009 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын "Barakah" атомын цахилгаан станцын төслийн тендерт шалгарч байжээ. Харин энэ удаагийн төслийн гүйцэтгэгч болохын тулд нэлээд олон сорилт давсан байна. Тухайлбал: АНУ-ын Эрчим хүчний “Westinghouse Electric” компани БНСУ-ын тус компанийн эсрэг оюуны өмчийн асуудлаар зарга мэдүүлээд байсныг өнгөрсөн нэгдүгээр сард тохиролцоонд хүрч шийдвэрлэжээ.