
АНУ-аас Монгол Улс руу хамгийн богино хугацаанд үргэлжлэх нислэг үйлдэхээр болсон “United Airlines" компанийн “Boeing 737-800” агаарын хөлөг пүрэв гарагийн 21.15 цагийн орчимд Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.
Тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд долоо хоногт гурван удаа үйлдэх энэхүү шинэ нислэг нь АНУ-ын Сан-Франциско, Денвер, Лос-Анжелес, Хьюстон, Гуам, Нью-Арк гэсэн зургаан хотоос Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин Улаанбаатарыг зорих юм. Ингэхдээ Наритад 1-2 цаг зогсож, онгоцоо солих бөгөөд Улаанбаатарт газардсаны дараа нэг хоноод буцаж Наритагаар дамжин АНУ руу нисэх байдлаар төлөвлөгджээ.
Ийнхүү АНУ, Монгол Улсын хооронд хамгийн богинодоо 11 цаг, хамгийн уртдаа 15 цаг орчмын хугацаанд нислэг үйлдэх боломжтой болж байна. Өмнө нь зорчигчид энэ чиглэлд нисэхэд багадаа 1-2 хоног болж, өндөр үнэ төлдөг байсныг Иргэний нисэхийн үндэсний төвөөс мэдээлж байгаа юм.
Монгол-АНУ хооронд байгуулсан “Open Sky” агаарын харилцааны хэлэлцээр нь хоёр талын агаарын тээврийн компаниуд аль аль нь нислэг үйлдэх боломж олгосон бөгөөд Монголын талаас нислэг үйлдэхэд тодорхой шаардлагуудыг хангах үүрэг хүлээж буй. АНУ-ын зөвлөх үйлчилгээний компаниас үл тохирлын 175 зөвлөмж өгсөн бөгөөд зургаадугаар сард багтаан Монголын тал дүгнэлтүүдээ гаргаад АНУ-ын талд хүргүүлэхээр ажиллаж буйг Иргэний Нисэхийн Ерөнхий Газар мэдээлж байна.
"United Airlines" компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компанид тооцогддог юм.