
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- “Rio Tinto” компани газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын салбарт үйл ажиллагаагаа тэлэхээр судалж байгаагаа мэдээллээ. Худалдааны зөрчил, дэлхийн зах зээлийн динамик өөрчлөгдөж буй өнөө үед энэ нь компанийн хувьд стратегийн томоохон алхам болох юм.
Энэ долоо хоногт тус группийн ТУЗ-ийн гишүүд газрын ховор элементийг “Rio Tinto”-ийн үйл ажиллагаанд нэмэх боломжийг хэлэлцсэн, цаашид энэ талаар нухацтай авч үзэх болохыг Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Австралийн Перт хотод болсон хувьцаа эзэмшигчдийн хурлынхаа үеэр онцолжээ.
"Чухал ашигт малтмалыг арай гүнзгий авч үзэх нь дараагийн алхам. Хэдий тийм боловч заавал тусдаа шинэ уурхай нээх албагүй" хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьж байлаа. “Rio Tinto”-ийн одоогийн үйлдвэрлэлд чухал ашигт малтмалууд дайвар түүхий эд хэлбэрээр гарч байдаг, тиймээс тэдгээрийг тусад нь боловсруулах эсэх нь гол асуулт болохыг мөн тодотгосон байна.
Үүнээс гадна “Rio Tinto”-ийн хоёр биржид давхар бүртгэлтэй бүтцийг өөрчлөх активист хөрөнгө оруулагчийн оролдлого амжилтгүй болсон байна.
Компанид 88 сая ам.доллартой дүйцэх хувьцаа эзэмшдэг “Palliser Capital UK” хедж сангаас энэхүү давхар бүтцээ эргэн харах саналыг оруулж ирсэн аж. Санал хураалтаар “Rio Tinto”-ийн хувьцаа эзэмшигчдийн 80 хувь нь дээрх саналыг дэмжээгүй байна.
“Rio Tinto” Австрали болон Лондоны Хөрөнгийн биржид хоёр тусдаа хуулийн этгээд байдлаар бүртгэгдсэн ч нэг групп хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, орлого зарлагын тайлан, ногдол ашгийн шийдвэрээ нэгдсэн байдлаар гаргадаг.
“Palliser Capital UK”-ийн зүгээс “Rio Tinto”-ийн давхар бүртгэл нь 50 тэрбум ам.доллароор хэмжигдэх үнэ цэний хохирол дагуулсан гэж шүүмжилж байгаа юм. “Rio Tinto”-ийн ТУЗ энэ саналыг эрс эсэргүүцсэн байр суурьтай ч цаашид уг асуудлаар хувьцаа эзэмшигчидтэй нээлттэй ярьж хэлэлцэнэ гэдгээ мэдээлжээ.
Thomas Biesheuvel, Paul-Alain Hunt