
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
Нийлүүлэгч талын идэвхгүй байдал, тээвэрлэлтийн асуудлаас шалтгаалж БНЭУ-ын Монгол Улсаас өндөр чанартай коксжих нүүрс авах төлөвлөгөөнд саад учирсныг "Reuters" агентлаг мэдээлжээ. Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг тус улс үйлдвэрүүдийнхээ түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд далайд гарцгүй Монгол Улсаас Орос, Хятадын аль нэгээр дамжуулан нүүрс импортлохоор ажиллаж байгаагаа өмнө нь мэдээлж байлаа.
"Монголын талаас хариу өгөхгүй байгаа нь хүндрэл учруулж байна. Үүнээс гадна ОХУ-д тээвэрлэлт сааталтай, нөгөө талд Хятадаар дамжуулж авах нь урт хугацаандаа эдийн засгийн үр ашиггүй байх магадлалтай" хэмээн Энэтхэгийн төрийн өмчит "JSW Steel" компанитай ойр эх сурвалж Reuters-д мэдээлсэн байна.
Энэтхэгийн албаныхан Монголын нүүрсийг ОХУ-ын Владивостокоор дамжуулж далайгаар тээвэрлэн авах боломжийг судалж байсан аж. Харин Хималайн нурууны хилийн зөрчлөөс шалтгаалж Энэтхэг, Хятадын харилцаа хурцдах магадлалтай тул БНХАУ-аар дамжуулж авах нь тохиромжгүй сонголт гэж үзжээ.
Коксжих нүүрснийхээ нийт нийлүүлэлтийн 1/3 орчмыг ОХУ, Австралиас авах импортоор бүрдүүлдэг "JSW Steel" эхний ээлжид Монголоос жилд 2500 тонн нүүрс авах төлөвлөгөөтэй байсан бол "Steel Authority of India" жилд 75 мянган тонныг авахаар ажиллаж байжээ.
Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортын нүүрсээр бүрдүүлдэг бөгөөд үүний талаас илүү хувийг нь Австрали улс хангадаг байна. Эдийн засгийн үсрэнгүй өсөлт, дэд бүтцийн салбар дахь их хэмжээний хөрөнгө оруулалт нь Энэтхэгийн гангийн эрэлтийг улам хурдацтай нэмэгдүүлэх төлөвтэй тул тус улс өдгөө жилд 200 сая гаруй тонноор хэмжигдэж буй ган үйлдвэрлэлийн нийт хүчин чадлаа 2030 он гэхэд 300 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн аж.