
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Москвад айлчлах гадаад орны Төрийн тэргүүнүүдтэй хоёр талт уулзалтууд төлөвлөж байгааг түүний зөвлөх Юрий Ушаков мэдээлжээ.
Тавдугаар сарын долоонд дөрвөн уулзалт төлөвлөсний эхнийх нь Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадуро байх бол дараа нь Куба улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канель Бермудез, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Конго улсын Ерөнхийлөгч Сассу Нгуэссо нартай уулзах аж.
"Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаар олон салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэл болон бусад асуудлаар ярилцана" хэмээн Юрий Ушаков сэтгүүлчдэд тодотгосон байна.
Ялалтын баярын ёслолд оролцохоор ОХУ-д БНХАУ, Бразил, Вьетнам зэрэг 29 улсын Төр, Засгийн тэргүүн айлчлан ирэх юм.
Үүнээс гадна баярын жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцохоор болсон байна.