
Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) - Ялалтын баярыг тохиолдуулан Москвад уулзалдахаар байгаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хэлэлцэх асуудлуудын хөтөлбөрт багагүй хугацаанд саатаад буй байгалийн хий дамжуулах хоолойн төсөл багтсан байна. ОХУ-аас Монголын нутгаар дамжиж БНХАУ-д хүрэх "Сибирийн хүч II" хоолойн төслийн үнэ өртөг, цаг хугацаа, маршрут дээр талууд санал зөрөлдсөний улмаас сүүлийн жил гаруйн хугацаанд ахиц гараагүй, дорвитой яриа хэлэлцээ хийгдээгүй байсан юм.
Айлчлалын үеэр БНХАУ-ын тал өмнө нь хэлэлцээг гацаагаад байсан борлуулалтын өндөр үнийн асуудал дээр дахин яриа хэлэлцээ эхлүүлэхийг зөвшөөрч магадгүй гэж Хятадын Засгийн газрын ойрын эх сурвалжаас Bloomberg-т мэдээлжээ. Тодруулбал шинэ хоолойгоор авах хийн тарифыг 2019 онд хий дамжуулж эхэлсэн анхны "Сибирийн хүч” хоолойн хийн үнэ болон Оросын дотоодын үнэ хоорондох түвшинд тогтоохоор зорьж буй аж.
Түүнчлэн Хятадын талаас хоолойг Монголоор дайруулахын оронд Хятад, Оросын залгаа хилээр шууд холбохыг илүүд үзэж байгаа тул уулзалтын үеэр үүн дээр Оросын талд шахалт үзүүлэхийг мөн онцолсон байна. Одоогийн "Сибирийн хүч” хоолой Алс Дорнодод хоёр улсын хилээр шууд холбогддог юм.
Хятад яарахгүй
Хятадтай харилцаагаа бэхжүүлж, эрчим хүчний бүтээгдэхүүний импортын хамгийн том зах зээлд улам ойртохын тулд "Сибирийн хүч II"-ийн хэлэлцээрийг хийх нь урт хугацаанд Кремлийн гол зорилтуудын нэг байв. 2022 оны Украинд халдан довтлохоос нь өмнө хийн экспортын гол зах зээл нь байсан Европын орон зайг нөхөхөд ОХУ бэрхшээлтэй тулгарч, БНХАУ-аас улам хамааралтай болсоор буй. Европт гаргах хийн экспорт нь өдгөө эрс буурсан бөгөөд 2027 он гэхэд бүрэн тасрах ч боломжтой юм. Харин Бээжингийн хувьд нийлүүлэлтийн бусад сонголттой, импортоо төрөлжүүлэх бодлого баримталж буй тул ОХУ-ын хийн хоолойн хэлэлцээр тийм ч яаралтай ажил биш аж.
Харин аль аль талын эдийн засгийн хүндрэл улам гүнзгийрэх нь хэлэлцээрийг яаравчлуулах хүчин зүйл болох боломжтой. ОХУ барууны орнуудын хатуу хориг арга хэмжээнд орсон бол БНХАУ дотоодын үйлдвэрлэлийн болон гадаад худалдааны асуудалтай тулгараад байна.
"Сибирийн хүч II" хоолойг барьснаар ОХУ хийн экспортоо жилийн 50 тэрбум куб метрээр нэмэгдүүлэх боломжтой бол Хятадын талд өндөр үнэтэй шингэрүүлсэн байгалийн хийн импортыг орлуулах давуу тал үүсэх юм. Харьцуулбал одоо байгаа "Сибирийн хүч" хоолойн дамжуулалт бүрэн хүчин чадалдаа хүрснээр ОХУ энэ онд БНХАУ-д 38 тэрбум куб метр хий нийлүүлэх тооцоо гаргажээ.