
Qilai Shen/Bloomberg News
БНХАУ-ын Засгийн газар амласныхаа дагуу гангийн үйлдвэрүүдийн гарцыг танах арга хэмжээ авч эхэлснийг тус улс гангийн гол ассоциац баталж, улмаар төмрийн хүдрийн үнэ буурсан байна.
Пүрэв гарагт Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс ханш 2.3 хүртэлх хувиар бууран тонн нь 96.40 ам.доллар болж, өмнөх өдрийн өсөлтөө алджээ. Лхагва гарагт БНХАУ-ын Ардын банк мөнгөний бодлогоо зөөлрүүлж, долоо хоногийн хугацаатай репо арилжааны хүүгээ бууруулснаар зах зээлд өсөлт давамгайлсан юм.
БНХАУ-ын Төмөр, гангийн ассоциацын мэдээлснээр Засгийн газар түүхий гангийн илүүдэл нийлүүлэлтийг арилгах арга хэмжээг "идэвхтэй хэрэгжүүлж, сурталчилж" эхэлсэн аж. Гарцыг ийнхүү хязгаарласнаар гангийн үйлдвэрлэлийн түүхий эдүүдийн зах зээлд дарамт болж, ялангуяа төмрийн хүдрийн үнэд сөргөөр нөлөөлөх төлөвтэй.
Өнгөрсөн гуравдугаар сард Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 2025 оны чуулганаар БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийнхаа хамгийн тааруу гүйцэтгэлтэй байгаа салбаруудын нэг болох ган үйлдвэрлэлийн салбарын илүүдэл үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх амлалт өгч байв. Хэдий тус салбар БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас хамгийн их хохирол амссан боловч жилийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь тогтмол нэг тэрбум тонн давсаар байгаа юм.