logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ, БНХАУ тохиролцож, тарифаа 90 хоногийн турш харилцан даацтай бууруулахаар боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 12 16:05
    99

    Зургийг: Bloomberg

    АНУ БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа 30 хувь болгож бууруулах бол БНХАУ-ын тал АНУ-д ногдуулсан тарифаа 10 хувь болгож бууруулна

    АНУ, БНХАУ худалдааны зөрчлөө намжааж, тус тусын бүтээгдэхүүнд ногдуулсан тарифаа түр хугацаанд бууруулахаар тохиролцлоо. АНУ-аас БНХАУ-ын дийлэнх бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан 145 хувийн тариф тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хувь болж буурах бол БНХАУ-ын АНУ-д ногдуулсан тариф 125 хувиас 10 хувь болж буурахаар болсныг хэлэлцээ хийгч талууд мэдээлэв.

    Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс үл ойлголцолдоо байнгын шийдэл олох гурван сарын хугацаа өөрсдөдөө гаргаж байна. “Аль ч тал нь эдийн засгийн холбоогоо таслахыг хүсэхгүй байгаа учраас энэ хэлэлцээг хийлээ. Бид худалдаа хиймээр байна. Гэхдээ тэнцвэртэй худалдаа. Хоёр улс хоёул үүнд хүрэхээр зорьж байгаа гэж бодож байна" хэмээн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент амралтын өдрүүдээр Женев хотод болсон хэлэлцээрийн эцэст мэдэгдэл хийхдээ онцолжээ.

    Түүнчлэн БНХАУ-ын талаас АНУ-д тогтоосон “тарифын бус” хариу арга хэмжээгээ зогсоох, эсвэл цуцлахаа мэдэгдсэн юм. Энэ нь дөрөвдүгээр сарын дөрвөнд тус улс экспортын хязгаарлалтын жагсаалтдаа долоон төрлийн газрын ховор элементийг нэмсэн шийдвэрээ хэлж байгаа бололтой.

    Зах зээл баярлан хүлээж авав

    Дээрх шийдвэрийг зарласны дараа Ази, Европ, АНУ даяар хөрөнгийн зах зээл огцом өсөж, тэр дундаа “S&P 500 Index” гурван хувь давж өслөө. Харин аюулгүй хөрөнгө оруулалт болох алт, АНУ-ын Засгийн газрын бондуудын ханш унасан бол газрын тосны үнэ эргэн өслөө. Мөн ам.долларын ханш евро, иений эсрэг нэг сарын хамгийн дээд түвшинд хүрч чангарсан ч оффшор юанийн эсрэг 0.5 хувиар суларсан байна.

    Эцэст нь дурдахад,

    Тодорхойгүй байдал нь тарифаас дор зүйл гэж олон компани хэлж буй. Скотт Бессент даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Женев дэх хэлэлцээгээр “Худалдааны дайн” цаашид хурцдахаас сэргийлэх зорилготой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх механизмыг тодорхойлсон гэж онцолсноос харвал тодорхойгүй байдлыг арилгах тал дээр АНУ, БНХАУ хүчин чармайлт гаргаж эхэлсэн бололтой.

    Cэтгэгдэл бичих