
Зургийг: ebrd.com
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк АНУ-ын худалдааны бодлогоос үүдэлтэй тодорхойгүй байдлыг харгалзан үзэж хөрөнгө оруулдаг орнуудынхаа эдийн засгийн өсөлтийн төсөөллийг буурууллаа. Харин 2.6 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа Монгол Улсын эдийн засгийг 2025 онд 6.3 хувиар, 2026 онд 6 хувиар өснө гэж төсөөлсөн байна.
Монгол Улсын 2025 оны өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь бодит цалингийн өсөлтийг дагасан хэрэглээний өсөлт, мөн дэд бүтцийн мега төслүүдэд хийх хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт байна гэж үзжээ. Харин түүхий эдийн үнийн төлөв тааруу байгаа нь өмнөх төсөөллөө бууруулах гол шалтгаан болсон аж.
Ерөнхийдөө уул уурхайн экспортоос өндөр хамааралтай Төв Азийн орнуудын өсөлтийн төсөөллийг нийтэд нь бууруулсан байна. Хэдий тийм боловч Монгол Улсын хувьд өсөлт нь БНХАУ-аас асар өндөр хамааралтай гэдгээрээ ялгаатай.
Одоогоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 62 хувийг БНХАУ-д хийх экспорт бүрдүүлж буй нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг хөгжиж буй орнууд дундаас хол тасархай үзүүлэлт болж байна.
Үүнээс гадна тэдгээр орнуудаас БНХАУ-тай ашигтай худалдаа хийдэг ганц улс нь Монгол Улс байгаа юм. Экспортын төрөлжилт мөн сул хэвээр бөгөөд 2024 оны экспортын 75 хувийг нүүрс, зэс гэсэн үнийн хэлбэлзэл ихтэй хоёр түүхий эд бүрдүүлжээ.
Экспортын ганц түнш, хэдхэн түүхий эдээс хамааралтай энэ байдал Монгол Улсын экспортын динамикийн тодорхойгүй байдлыг нэмж байна гэж Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк онцоллоо. Тиймээс түүхий эдийн эрэлт, үнэ зэрэг гадаад “шок”-ийг зөөлрүүлэх ганц найдвартай жийргэвч нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх явдал юм гэдгийг тодотгосон байна.