
“Entree Resources” компани Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг "Hugo North Extension" ордын өрөмдлөгийн үр дүн маш сайн гарсныг танилцууллаа. 2022 болон 2024 онд хийсэн өрөмдлөгөөр “Entree/Oyu Tolgoi” хамтарсан компанийн эзэмшдэг "Шивээ толгой" лицензийн талбайд байрлах "Hugo North Extension" ордод гадарга дээрх нэг, газар доорх зургаан цооног гаргасан байна.
Гадаргын өрөмдлөгөөр 552 метр үргэлжлэх 3.11 хувийн зэсийн агуулгатай хүдрийн биет огтолсноос 260 метр нь 4.45 хувийн агуулгатай байжээ.
Харин газар доорх өрөмдлөгөөр 3.21 хувийн агуулгатай 169.1 метрийн, 1.29 хувийн агуулгатай 197 метрийн зэрэг хүдрийн биет огтолсон байна.
Өрөмдлөгийг “Entree Resources”-ийн түнш “Оюу Толгой” ХХК гүйцэтгэсэн бөгөөд газар доорх цооногуудыг гаргахдаа залгаа оршдог Оюутолгойн гүний уурхайн туннелийг ашигласан байна.
"Hugo North Extension" орд нь “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшдэг "Hugo Dammett" ордын хойд хэсэг нь юм. Харьцуулбал тус ордын хамгийн өндөр агуулгатай хэсэг нь 3 хувийн агуулгатай байдаг.
Оюутолгойн гүний уурхайн хөгжүүлэлтийн “Панель-1” хэсэгт "Hugo North Extension" орд хамаарч байгаа бөгөөд тус хэсгийн хөгжүүлэлтийн ажил өнгөрсөн оны аравдугаар сард эхэлжээ. Гүний уурхайн өргөтгөл үргэлжилснээр “Оюутолгой” төслөөс 2028 оноос эхлэн жилд 500 мянган тонн зэс олборлож, улмаар дэлхийд дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.
“Entree Resources”-ийн хувьд сүүлд “Шивээ толгой” тусгай зөвшөөрлийнхөө 70-80 хувийг “Оюу Толгой” ХХК-д амжилттай шилжүүлснээ мэдээлж байв. “Шивээ толгой” болон “Жавхлант” лицензийг “Entrée/Oyu Tolgoi” хамтарсан компанид шилжүүлэх арбитрын шийдвэр гарсны дагуу шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм.