
Зургийг: Annabelle Chih/Bloomberg
“Nvidia” компани хиймэл оюунт тооцооллын эрчимтэй тэлж буй эрэлтийг тогтвортой хадгалах зорилго бүхий шинэ технологиудаа танилцууллаа. Тодруулбал: “Nvidia”-ийн хурдасгуур чипийн эко системийг дэмжин ажиллах шинэ серверүүд, программ болон техник хангамжуудыг тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан даваа гарагт Тайваньд эхэлсэн “Computex” үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.
Хиймэл оюуны үйлчилгээ хөгжүүлэх, ажиллуулахад “Nvidia”-ийн хурдасгуур чип голлох үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Шинэ бүтээгдэхүүнүүдээс хамгийн анхаарал татсан нь “GB300” цогц серверийн систем болж байна. Энэ нь “Nvidia”-ийн одоогийн хамгийн хүчтэй систем “Grace Blackwell”-ийн дараагийн үе болох бөгөөд энэ оны III улирлаас гарахыг Женсен Хуан мэдээлсэн байна. Серверийг хиймэл оюуны модель хөгжүүлэгчид, дата төвүүд, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгчид түлхүү ашигладаг.
Үүнээс гадна дата төвийн GPU сервер “RTX Pro Server” системээ бөөнөөр үйлдвэрлэж эхэлснийг Женсен Хуан онцолжээ. Тус систем нь “Nvidia” компанийн одоогийн “H100 AI” системээс дөрөв дахин өндөр хүчин чадалтайг мэдээллээ.
Эдгээр хүчирхэг бүтээгдэхүүнээр “Nvidia” хиймэл оюуны тэсрэлтэд гол үүрэг гүйцэтгэж буй байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа аж. Ялангуяа дата төвийн хөгжүүлэлтэд хийгдэж хөрөнгө оруулалтын үр өгөөж тогтвортой эсэхэд эргэлзээ нэмэгдсэн энэ үед чухал ач холбогдолтой юм.