
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй БНХАУ-ын тэрбумтан, таваарын арилжаалагч Биань Шимин алтны үнийн энэ оны өсөлтөөс үлэмж ашиг хүртсэнийхээ дараа ээлжит том мөрийгөө зэсэд тавьжээ.
Ам.доллароос хамаарлаа бууруулж, инфляцын эрсдэлийг сөрөх дэлхий нийтийн хүчин чармайлт алтны үнэд эергээр нөлөөлнө гэсэн итгэлээр тэрбээр сүүлийн хоёр жилийн турш БНХАУ-ын алтны фьючерс зах зээлд хөрөнгө оруулсан байна. “Bloomberg”-ийн тооцоолсноор энэ хугацаанд түүний удирддаг брокерын фирм “Zhongcai Futures” 1.5 тэрбум орчим ам.долларын ашиг хүртжээ.
АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн стратегийн чухал ач холбогдолтой түүхий эдийн зах зээлийг савлуулах болсон энэ үед “Zhongcai Futures” Шанхайн Таваарын биржид зэсийн хамгийн өндөр дүн бүхий урт позицыг эзэмших болсныг ойрын эх сурвалж мэдээлж байна. 10 сарын турш худалдан авалт хийсний эцэст компанийн фьючерс хэлцлээр эзэмшиж буй зэсийн хэмжээ 90 мянган тонн дөхөөд байгаа аж.
Эрчим хүчний шилжилтийн урт хугацааны динамик, уурхайн хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан зэсийн үнэ дунд, урт хугацаандаа өсөх хүлээлт зах зээлд давамгайлж буй.
Сүүлийн саруудад Дональд Трамп зэсийн импортдоо тариф тогтоож магадгүй болсноор АНУ-ын арилжаалагчдын худалдан авалт эрс нэмэгдэж, зэсийн үнэ сэргэхэд түлхэц болоод байгаа юм.
Лондоны Металлын биржид зэсийн үнэ өнөөдрийн байдлаар тонн нь 9523.50 ам.доллар болж, өмнөх өдрөөс 0.8 хувиар өсөөд байна.
Alfred Cang