logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    10,000 ам.доллароор яг одоо юунд хөрөнгө оруулах вэ?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 21 17:59
    700

    Зургийг: Chris Harnan

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын шийдвэр болон бусад гэнэтийн арга хэмжээ тус улсын эдийн засгийг уналт руу түлхэж, олон улсын тавцанд нөлөөг нь бүдгэрүүлнэ гэсэн спекуляц олон улсын хөрөнгийн зах зээл дэх шийдвэрүүдэд ихээхэн нөлөөлж, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхийн ач холбогдлыг дахин тодотгох боллоо. Тэгвэл энэ цаг үед 10 мянган ам.доллароор юунд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй талаар экспертүүд туршлагаа хуваалцжээ. Ингээд "Bloomberg"-ийн цувралаар хүргэдэг “Мөнгөө өсгөх хувилбарууд”-ын шинэ дугаарыг хүргэж байна.

    unnamed (4).jpg

    Японыг онил

    Гол санаа: Урт хугацаандаа олон улсын хувьцаанууд өсөлтөө тэлж, ам.доллар суларна гэсэн хүлээлт бидэнд байна. Хүчээ алдсан ам.долларын эсрэг эрчтэй өсөх хамгийн магадлалтай валют нь иен байх тул Японы биет зах зээлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь сонирхол татахуйц сонголт болно. Түүнчлэн тарифын нөлөөгөөр Европын Холбоо, БНХАУ-д инфляц эргэн өсөж, үүнтэй ам.долларын сулрал давхацвал алт, зэс зэрэг түүхий эдийн үнэ үргэлжлэн өсөхөөр байна.

    Стратеги: Хөшүүрэг дутмаг, үнэлгээ нь доогуур тул Японы хувьцаа, бонд зэрэг хэрэгслүүдэд хөрөнгө оруулахад таатай хэвээр байна. Хэдий иений ханш одоо нэлээн сул байгаа ч цаашид чангарна, ам.доллар суларна гэж үзвэл бид Японы үл хөдлөх хөрөнгө, зочид буудал, дэд бүтцийн салбарын хувьцаа, хэрэгслүүдийг худалдан авахад төвлөрнө. Тэдгээрийн ихэнх нь ногдол ашгийн өгөөж сайтай, бэлэн мөнгөний урсгал тогтвортой. Мөн тэдгээрт хаалттай сангаар дамжуулан хөрөнгө оруулах нь зүйтэй. 

    Харин зэсийн хувьд хэрэв АНУ-ын эдийн засаг унавал хоморгод нь өртөж болох ч урт хугацааны сэргэлт, эрчим хүчний шилжилтийн гол бүрэлдэхүүн хэсэг хэвээр байх болно. Мөн ам.долларын ханш сулрахад зэсийн үнэ өсөх магадлалтайгаас гадна өндөр инфляцын эсрэг дорвитой хедж болдог. Харин алт бол мэдээж өнөөгийн эрсдэлтэй ертөнцөд ганц найдвартай хэрэгсэл хэвээрээ. Төв банкнууд валютын нөөцөө төрөлжүүлж, ам.долларын хамаарлаа бууруулахын тулд алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх томоохон шилжилт эхэлсэн гэж харж байна.

    Том зургаараа: Бидний хувьд АНУ-ын ба олон улсын хувьцаануудын төлөвт илүү болгоомжтой хандаж, зах зээлийн савлагаа хүчтэй хэвээр хадгалагдана гэж төсөөлж байна. Худалдааны тариф инфляцыг хөөргөдөж, эдийн засгийн идэвхийг сулруулах хандлагатай байдаг. Түүхээс харвал энэхүү хослол хувьцааны үнэлгээнд ямагт муу нөлөөтэй байсаар ирсэн. Харин нөгөө талдаа АНУ-ын эдийн засгийн түрэмгий байдал Европ, Хятадыг төсвийн бодлогоо идэвхжүүлэхэд хүргэсэн нь төсөөлөөгүй сайн үр дагавар байж болох юм. Үүнээс улбаалан саяхан олон улсын хувьцаанууд АНУ-ын хувьцааны захыг өсөлтөөрөө давлаа шүү дээ. 

     

    orgilf.jpg

    Дотоодын банкнууд чанартай

    Гол санаа: Монголын Хөрөнгийн Бирж дээр харьцангуй хямд үнэлгээтэй, өндөр чанартай хувьцаанууд бий. Ялангуяа ХААН Банк болон Голомт Банкны хувьцааг онцолж болно. Эдгээр банкны эздийн өмчийн өгөөж (ROE) жилд 30 хувиас дээш байгаа ч зах зээлийн үнэ нь дансны үнээсээ 10-30 хувиар хямд байна. Хэрэв та өнөөдөр системийн хамгийн том банкийг шинээр байгуул гэвэл ямар их хөрөнгө, хүчин чармайлт шаардлага вэ? Гэтэл ийм чанартай банкны хувьцааг 10-30 хувийн хямдралтай худалдан авах боломж бол гайхалтай хөрөнгө оруулалтын боломж юм.

    Харин бондын зах зээлийн хувьд бондын чанар нь гаргагч байгууллагын найдвартай байдлаас хамаарна. Монголын зах зээл дээр чанартай бондын дийлэнхийг банк бус санхүүгийн байгууллагын бондууд эзэлж байна. Иймд найдвартай ББСБ-ын бондоос нэгээс хоёрыг сонгохыг зөвлөж байна. Бонд сонгохдоо хөшүүргийн түвшин бага, хөрөнгийн хэмжээ өндөр, чанаргүй зээлийн хувь хэмжээ багатай ББСБ-ыг онцгой анхаарах хэрэгтэй.

    Стратеги: Хөрөнгийн зах зээл сүүлийн үед өндөр өсөлтөө аль хэдийн үзүүлчихсэн тул одоо хөрөнгө оруулалт хийхэд АНУ, БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж олох магадлал бага байна. Иймээс хөрөнгө оруулагчдад дотоодын зах зээлд анхаарлаа хандуулж, хувьцаа болон бондын тэнцвэртэй багц бүрдүүлэхийг санал болгож байна. Хамгийн түгээмэл бөгөөд найдвартай харьцаа бол 60 хувь хувьцаа, 40 хувь бонд юм.

    Том зургаараа: Худалдааны дайны хурцадмал байдал түр намжиж, АНУ бусад улстай идэвхтэй хэлэлцээр хийж, дайн байлдаантай бүс нутгуудад энхийн хэлэлцээний хүлээлт бий болжээ. Нэг сарын өмнөхтэй харьцуулбал эдийн засаг, геополитикийн хүлээлт 180 хэм өөрчлөгдсөн гэхэд болно. Томоохон орнуудын хөрөнгийн зах зээл өндөр өсөлт үзүүлсэн нь эдгээр эерэг мэдээлэл хувьцааны үнэ ханшид бүрэн тусгагдсаныг илтгэж байна. Үүнээс давах сайн мэдээ байх уу гэдэг ойрын хугацаанд эргэлзээтэй. Харин V болон VI сарын макро эдийн засгийн тоо мэдээ нь худалдааны дайны эдийн засагт үзүүлэх нөлөө ямар байгааг бодитоор харуулна.

     

    russ.jpg

    Европын тансаг брэндүүдийн хувьцааг ав

    Гол санаа: Энэ онд Европын хувьцаанууд миний болон бусад шинжээчдийн төсөөллөөс эсрэг чигт хөдөлж, огцом өссөн. Өнөөдрийг хүртэл Европын хувьцаанууд ам.доллароор илэрхийлэгдэх ханшаар 14 орчим хувиар өсөж, АНУ-ын хувьцаануудыг өсөлтөөрөө гүйцээд байна. Бүс нутгийн хувьцаанууд тэр чигээрээ өснө гэж найдахгүй байгаа ч миний сонирхлыг татаж буй нэг сегмент байгаа нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид. 

    Стратеги: Технологи, аж үйлдвэр, энтертайнмент салбарт АНУ-ын компаниуд ноёрхсон хэвээр байгаа. Харин тансаг зах зээлд Европын брэндүүд, ялангуяа Франц, Италийн брэндүүд урт хугацаанд тэргүүлсээр ирсэн. Гэхдээ дийлэнхийнх нь хувьцааны ханш энэ онд унасан байна. Европын тансаг зэрэглэлийн брэндүүдийг дагадаг "Goldman Sachs"-ийн индекс II сарын дээд цэгээсээ 18 хувиар буурсан. Энэ бол миний хувьд боломж. АНУ-ын технологийн компаниудын нэгэн адил эдгээр брэндүүдийн ихэнх нь бизнесээ хамгаалах өвөрмөц “хана хэрэм”-тэй байдаг. Тэд бүтээгдэхүүнийхээ үнийг өндөр хэвээр хадгалж, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтээс үр шимийг нь хүртсээр байна. Дэлхий даяар эдгээр компаниуд Хятадын зах зээл рүү ихээхэн чиглэдэг. БНХАУ-ын эдийн засаг тогтворжиж, бодлого боловсруулагчид дотоодын хэрэглээг дэмжихэд илүү их анхаарал хандуулж байгаа тул Европын брэндүүд үүний үр шимийг хүртэх нь дамжиггүй.

    Том зургаараа: Европын бусад хувьцаануудаас ялгаатай нь тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчид урт хугацааны гойд үзүүлэлттэй. Эдгээр хувьцаанууд энэ оны зах зээлийн өсөлтөөс хоцорсон тул Европын зах зээлээс хөрөнгө оруулалтын багцдаа нэмэхээр төлөвлөж буй гол сегмент маань болоод байна.

     

    henry.jpg

    Эрчим хүчний тоглолт хий

    Гол санаа: Цахилгаан эрчим хүчтэй холбогдоно. Аливаа эдийн засаг өсөж дэвжихийн тулд цахилгаан эрчим хүч зайлшгүй хэрэг болно. Ялангуяа дата төвүүдийн хөгжүүлэлтээс улсууд ашиг хүртэхийг зорьж байгаа энэ цаг үед бүр ч чухал. Зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон эцсийн хэрэглээний цэгт хүргэх гээд аль нь ч байсан, цахилгаан дамжуулах шугам сүлжээ зайлшгүй шаардлагатай. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл болон дамжуулах сүлжээнд хоёуланд нь хөрөнгө оруулалт татахын тулд өгөөжийг хангалттай өндөр түвшинд тогтоож өгөх хэрэгтэй гэдгийг зохицуулагчид ойлгож эхэлж байна.

    Стратеги: Хөрөнгө оруулагчдад энэ салбарт оролцох боломж олгож буй хувьцаануудын нэг бол Испанийн эрчим хүчний компани "Redeia Corporation". Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус компани бодит өсөлт төдийлөн үзүүлээгүй ч Испани улс сэргээгдэх эрчим хүчээ өргөтгөх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудаасаа ухраагүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн эрчим хүчийг айл өрх, аж үйлдвэрүүдэд хүргэхийн тулд цахилгаан дамжуулах шугам сүлжээнд илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай тулгарна. Тиймээс Испани "Redeia" зэрэг компаниудынхаа хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн зохицуулалтаа өөрчлөх шатандаа явж байна.

    Том зургаараа: АНУ-д цахилгааны хувийн хэрэглээ болон үйлдвэрлэл жилд дунджаар 1.5-аас 2 хувиар өсөх төлөвтэй . Дата төвийн үлэмж хэрэглээ энэ өсөлтийг улам эрчимжүүлэх болно. Эрчим хүч үйлдвэрлэлийн хүчин чадлын одоогийн өсөлт, ялангуяа зарим мужуудад дээрх төсөөллөөс тун доогуур түвшинд байна.

    Энэ бол хэт ханасан  зах зээлд хөрөнгө оруулж байгаа хэрэг огт биш. Бидэнд илүү их цахилгаан эрчим хүч хэрэгтэй байна, Испани улсад бол бүр ч их. Европт эрчим хүчний бие даасан байдалд хүрэхийн тулд хурдтай тэлэх боломжтой эх үүсвэр нь байхгүй байна. Ирээдүйд Европт уламжлалт түлш импортлох хэрэгцээ байсаар байхтай адил сэргээгдэх эрчим хүчид төвлөрөх нь геополитикийн хамгаалалтын нэг хэсэг болох нь маргаангүй юм. 

     

    gabriela.jpg

    АНУ-аас биш олон улсаас

    Гол санаа: АНУ-ын "онцгойрол" гэх зүйл энэ жил их яригдах боллоо. Яг үнэндээ 2022 оны сүүлээс хойш АНУ-д цор ганц онцгой компани байгаа нь "Nvidia". Харин Япон болон Европын хувьцаанууд 2022 оны аравдугаар сараас хойш "Nvidia"-ийг хасаж тооцсон S&P 500-ийн өгөөжөөс давж гарсан. Иймд хөрөнгө оруулагчид АНУ-ын зах зээлийн “онцгой” премиумыг Европ болон Япон улсын зах зээлийн “онцгой” хямдралтай харьцуулж эхэлсэн. Энэ хоёр зах зээлд технологийн салбараас бусад хувьцаанууд хямд үнэлгээтэй байгаа. Европт санхүү болон аж үйлдвэрийн салбар анхаарал татаж байгаа бол Япон улсын санхүү болон хэрэглээний салбарын хувьцаанууд их сонирхолтой байна

    Стратеги: Нэгдүгээр сард АНУ-ын хувьцаануудын үнэлгээ олон улстай харьцуулахад 40 хувийн премиум буюу нэмэгдэл зөрүүтэй байсан. Энэ оны I улиралд олон улсын зах зээл АНУ-аас давж өссөн нь 1989 оноос хойших хамгийн өндөр дүн болсон хэдий ч премиум нь 32 хувь буюу урт хугацааны дунджаасаа хоёр дахин өндөр байна. 2020 оноос хойш Европ болон Япон компаниудын орлогын өсөлт АНУ-тай харьцуулахуйц байж чадлаа. Ингэснээр дэлхийн эдийн засгийн хямралаас хойш тус зах зээлүүдийн хооронд үүсээд байсан ялгаа үгүй болсон. Тарифын нөлөө богино хугацаанд орлогыг бууруулахаар байгаа ч урт хугацаандаа өсөх хандлагатай хэвээр байна.

    Том зургаараа: Энэ онд хөрөнгийн захад “тэнцвэржүүлэлт” явагдаж АНУ-аас бусад орны хувьцаануудыг дараах “түлхэх” болон “татах” хүчин зүйлс дэмжиж байна.

    Түлхэх хүчин зүйлс: Хөөргөдсөн үзүүлэлтүүд, АНУ-ын компаниудын орлогын төсөөллийн бууралт, АНУ-ын бодлогын тодорхой бус байдал.

    Татах хүчин зүйлс: Зах зээлээс доогуур үнэлгээ, “value” хувьцаануудыг дэмжсэн бодит өсөлт, хувьцаа эргүүлэн худалдан авах өгөөж, АНУ-ын бодлогын нөлөөллийг сөрөх дэмжлэгийн арга хэмжээ

    Богино хугацаанд Европын хувьцаанууд өсөж байх үед Японы хувьцаа түр амсхийж байна гэхэд болно. Гэхдээ бодит өсөлт болон компанийн засаглал нь гол анхаарах зүйлс болж байна.

     Suzanne Woolley

    Cэтгэгдэл бичих