
Зургийг: Victor J. Blue/Bloomberg
“Rio Tinto” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ онд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсныг тус компани мэдээллээ.
Анх 2018 онд “Rio Tinto”-д Санхүү хариуцсан захирлаар томилогдож байсан тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшиж байв. Түүний удирдлага дор “Rio Tinto” дэлхийн эрчим хүчний шилжилтэд нийцүүлэн стратегиа шинэчилж, ашигт ажиллагаагаа улам тэлсний сацуу Монгол Улсад “Оюутолгой" гүний уурхайн түүхэн төслийг эхлүүлсэн юм.
Залгамжлагч нь сонгогдох хүртэл Якоб Стаусхолм компанидаа Гүйцэтгэх захирлын албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж, удирдах зөвлөлийн гишүүний үүргээ гүйцэтгэхийг мэдээлсэн байна. Мөн дараагийн Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах үйл явц хэдийнээ эхэлсэн байгаа аж.
"Дэлхийн уул уурхай, түүхий эдийн агуу компаниудын нэг болох “Rio Tinto”-ийг удирдах туйлын нэр төрийн хэрэг байлаа" хэмээн Якоб Стаусхолм онцолжээ.
Мөн тус компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон "Якобын удирдлага дор “Rio Tinto” гол хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг дахин олж, эрэлт нь хамгийн хүчтэй өсөж буй түүхий эдүүдийн зах зээлтэй компанийн үйл ажиллагааг нийцүүлж, олон талт, авьяаслаг менежментийн баг бүрдүүлж, өсөлтийн онцгой замналыг бүтээлээ" хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.