
Зургийг: F. Carter Smith/Bloomberg
Гүйцэтгэх захирал нь энэ онд ажлаа өгөхөөр болсныг пүрэв гарагт зарласан “Rio Tinto” компани шинэ Гүйцэтгэх захирлын эрэлд гарчээ. Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани болох “Rio Tinto” III улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулахаас өмнө Якоб Стаусхолмын залгамжлагчийг зарлахаар төлөвлөж байгаа аж.
Одоогоор тус компанийн дараагийн удирдагч болох хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийн тоонд “Rio Tinto”-ийн Төмрийн хүдрийн группийн захирал Саймон Тротт, Арилжаа хариуцсан захирал Баатарын Болд, Хөнгөн цагааны группийн захирал Жером Пекресс нар нэрлэгдэж байна.
Таван жилийн өмнө “Rio Tinto” байгаль орчны асуудал, зогсонги төслүүдээс үүдсэн хямралд ороод байх үед одоогийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм албан тушаалаа хүлээн авч байв. Ажиллах хугацаандаа тэрбээр компанид тулгарсан асуудлуудын дийлэнхийг шийдэж, Австралийн Засгийн газартай харилцаагаа сэргээж, Монгол зэрэг улсад олборлолт, өргөтгөлийн том төслүүд эхлүүлсний сацуу эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой литийн салбарт үйл ажиллагаагаа тэлсэн юм.
Шинэ Гүйцэтгэх захирал сонгон шалгаруулах явц дуусах хүртэл Якоб Стаусхолм албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг тус компани мэдэгдэлдээ дурджээ. Дараагийн захирлын хүлээх тэргүүн үүрэг нь компанийн олборлолтын үйл ажиллагааг сайжруулах явдал болохыг “Rio Tinto”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон тодотгосон байна.
Хэн нь хэн бэ?
Босго өндөртэй энэхүү албан тушаалд “Rio Tinto” гаднаас шинэ хүн хайхаас илүү дотоодоосоо томилох магадлал өндөр. Австралид төрсөн Саймон Троттын хувьд “Rio Tinto”-ийн хамгийн өндөр ашигтай төмрийн хүдрийн бизнесийн удирдаж, Пилбарагийн уурхайн ажиллагааг сэргээхэд гол үүрэгтэй оролцсон нэгэн. Өмнө нь тэрбээр компанийн худалдаа, арилжааны үйл ажиллагааг толгойлж байхдаа БНХАУ зэрэг гол худалдан авагч орнуудтай харилцаагаа ойртуулахад төвлөрч байв.
Франц эр Жером Пекресс 2023 оны аравдугаар сараас хойш компанийн хөнгөн цагааны группийг удирдаж байна. 2007 онд “Alcan”-ийг нэгтгэснээс хойш “Rio Tinto”-ийн асуудлын гол ундарга болоод байсан тус нэгж Жером Пекрессийн удирдлага дор харьцангуй сайжирч, ашгийн үзүүлэлтээр тэргүүлэгчдийн нэг болжээ.
Харин өмнө нь хөрөнгө оруулалтын банкир байсан монгол захирал Б.Болдын хувьд компанийн "асуудал шийдэгч" гэхэд болно. Зэсийн группийг удирдаж байхдаа тэрбээр “Оюутолгой” төслийн хувь эзэмшилтэй холбоотой Монгол Улсын Засгийн газартай удаан хугацаанд үргэлжилсэн маргааныг дуусгавар болгох үүрэгт томилогдож байв. Түүнчлэн Гвиней дэх төмрийн хүдрийн Симанду уурхайн асуудлыг хариуцаж, тус улсын Засгийн газар болон “Rio Tinto”-ийн хятад түншүүдтэй хэлэлцээ хийх ажлыг гардан хариуцаж байлаа. 20 гаруй жилийн турш гацаанд орсон тус уурхайн олборлолт энэ оны эцсээр эхлэх хүлээлттэй байна.