
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын “BYD” компани өнгөрсөн амралтын өдрүүдэд автомашинуудынхаа үнийг 35 хүртэлх хувиар бууруулах гэнэтийн шийдвэр гаргасан нь хөрөнгө оруулагчдад цохилт болж, улмаар Хонконгийн биржид бүртгэлтэй БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом уналаа.
Тус компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаа эхлээд ес гаруй хувиар унасан бол “Li Auto”, “Great Wall Motor”, “Geely” зэрэг өрсөлдөгчдийнх нь хувьцааны ханш таваас дээш хувийн уналттай арилжаалагдаж байна. Салбартаа тэргүүлэгч “BYD” автомашиныхаа үнийг эрс хямдруулснаар БНХАУ-ын дотоодын зах зээл дэх үнийн өрсөлдөөний гал дээр тос нэмж, цаашлаад ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдыг нөмөрснөөр ийнхүү зарах хөдөлгөөн эрчимжлээ.
“BYD” ирэх зургаадугаар сар дуустал цахилгаан болон цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй 22 загварынхаа үнийг хямдруулах аж. Тэр дундаа тус компанийн одоогийн хамгийн хямд загвар "Seagull"-ийн үнэ 20 хувиар буурч, ердөө 55 мянга 800 юань буюу 7780 ам.доллар болгосон байна. Харин хосолмол хөдөлгүүрт "Seal"-ийн үнийг 34 хувиар буюу 53 мянган юаниар бууруулж, 102 мянга 800 юань болгожээ.
Өргөн хүрээнд БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлээс үүдэн сулраад буй хэрэглэгчдийн эрэлтийг сэргээхийн тулд дотоодын авто үйлдвэрлэгчид нь эцсийн үнээ хямдруулсаар буй. Хэдийгээр тус улсад цахилгаан автомашины борлуулалт жилийн дүнгээр дээд цэгтээ хүрсэн ч өсөлт нь өмнөхөө бодвол саараад байгаа юм. БНХАУ-ын Суудлын автомашины ассоциациас өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр агуулахууд дахь зарагдаагүй автомашины нөөц 3.5 сая хүрчээ. Өөрөөр хэлбэл дунджаар 57 хоногийн дараа зарагдаж байгаа нь 2023 оны 12 дугаар сараас хойших дээд түвшин аж.
Хямдрал зарласнаас хойш “BYD”-ийн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хэрэглэгчийн тоо 30-40 хувиар өссөн байж магадгүйг “Citigroup” тооцоолжээ. Тиймээс тус компанийн тавдугаар сарын борлуулалтын тоо хэмжээ өмнөх саруудын өсөлтөө хадгалах магадлалтай байна. Шэньжэнд төвтэй тус компани дөрөвдүгээр сард цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй 380 мянган автомашин борлуулсан нь 2025 он гарснаас хойших хамгийн сайн үзүүлэлт нь болж, энэ онд нийт 5.5 сая автомашин борлуулах зорилттой нь нийцсэн юм.
Гадаад зах зээлд ч мөн тэлэлтээ эрчимжүүлж, өнгөрсөн сард Европын зах зээлд борлуулсан автомашиныхаа тоогоор “Tesla”-ийг анх удаа гүйцжээ.
Danny Lee