
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Худалдааны саад тотгор, дотоодын үйлдвэрлэлийн бууралтаас шалтгаалан БНХАУ-ын гангийн экспортын тэсрэлтийн мөчлөг оргилдоо хүрсэн байж магадгүй гэж “Goldman Sachs” үзэж байна.
Бүх талбарт буурна
Өнгөрсөн онд 111 сая тонн буюу сүүлийн есөн жилийн дээд түвшинд хүрсэн БНХАУ-ын гангийн экспорт 2025 онд гурван хувиар, 2026 онд бүр 30 гаруй хувиар буурах төлөвтэйг “Goldman Sachs” банк баасан гарагт гаргасан төсөөлөлдөө тодотгожээ. Борлуулалтыг хазаарлах хамгийн гол хүчин зүйл нь улс орнуудын дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах “анти-демпинг” арга хэмжээ гэж үзсэн байна.
Дотоодын гол хэрэглэгч үл хөдлөх хөрөнгийн салбар нь хямарснаар БНХАУ-ын гангийн үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн илүүдлээ гадаад зах зээлд шингээхээс өөр аргагүй болсон. Энэ нь БНХАУ-ын гангийн экспорт цойлоход түлхэц болсон ч худалдааны түнш орнууд нь үүнд таатай хандаагүйгээр барахгүй үнийн шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн үндэслэлээр тус улсын гангийн импортыг хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн юм.
“Goldman Sachs”-ийн тооцоолсноор БНХАУ-ын гангийн нийт үйлдвэрлэл энэ онд хоёр хувь, ирэх онд гурван хувиар буурахаар байна. Нийлүүлэлтийн илүүдлийг арилгаж, үйлдвэрүүдийн ашигт ажиллагааг дэмжихийн тулд БНХАУ-ын Засгийн газар гангийн гарцаа танахаа амласан бөгөөд ирэх оноос дээрх арга хэмжээ хэрэгжиж эхэлбэл 2026 оны гарц нь 946 сая тонн болж буурах аж. Энэ нь 2020 оны оргил түвшнээсээ 10 хувиар доогуур хэмжээ юм.
Харин БНХАУ-ын гангийн хэрэглээ тав дахь жилдээ дараалан унаж, 2025 онд хоёр хувиар буурч, 839 сая тонн болно гэж таамаглажээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарын базаахгүй эрэлтийг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын өсөлт нөхөж чадахааргүй шинжтэй нь үүнд нөлөөлөх аж.
Олон улсын зах зээлд үзүүлэх нөлөөллийн хувьд дэлхийн ган үйлдвэрлэлд эзлэх хувиар БНХАУ үнэмлэхүй дүнгээр давамгайлдаг байдал цаашид багасаж эхэлнэ гэж “Goldman Sachs” үзсэн байна. Учир нь тоног төхөөрөмж, машин механизмд агуулагддаг гангийн шууд бус экспорт үргэлжлэн өссөнөөр бусад улсаас ган импортлох хэрэгцээ шаардлага алсдаа багасах төлөвтэй гэжээ.
Коксжих нүүрсний үнэ унасаар
Худалдааны зөрчлөөс үүдсэн болгоомжлол, мөн БНХАУ-ын үйлдвэрлэлийн гол бүсүүдэд халуун, бороо хур ихтэй зуны улирал ирээд буй нь худалдан авагчдын сонирхлыг бууруулснаар коксжих нүүрсний үнэ энэ сард доошлох чигээ хадгалж буйг “SXCoal” мэдээлж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтыг эхлүүлсэн долоо хоногт тус боомт дээр Монголын V ангиллын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 20 юаниар буурч, 810 орчим юань болсон аж. Мөн боомтоор 906 автомашин гарсан нь өмнөх долоо хоногоосоо 212-оор буурчээ. Үр дагаварт нь хил дээрх Монголын нүүрсний овоолго нэмэгдэж, ачих буулгах хурд нь удааширсныг “SXCoal” онцолж байна.