
Зургийг: Toru Hanai/Bloomberg
(Bloomberg) -- Аялал жуулчлалын оргил улирал эхэлж буй энэ үед Японд Азийн томоохон орнуудаас ирэх жуулчдын аяллын захиалга эрс буурчээ. Шалтгаан нь манга буюу зурагт номд зөгнөсөн айсуй газар хөдлөлтийн аюул аж.
Манга уран бүтээлч Рёо Тацүкигийн 1999 онд хэвлүүлсэн "The Future I Saw" манга дээр хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн цунамигийн давлагаа Япон орныг үерт автуулж буй тухай гардаг. Ингэхдээ гамшиг тохиох огноог 2025 оны долоодугаар сар гэж өгүүлдэг байна. Зарим хүмүүс Рёо Тацүкиг 2011 оны Японы газар хөдлөлтийг онож зөгнөсөн ч гэж үздэг бөгөөд улмаар дээрх зөгнөлтэй нь холбоотой сошиал сүлжээн дэх постууд аялагчдыг түгшээх болжээ.
Тэрхүү мангаг 2021 онд нэмэлт материал оруулж шинээр хэвлэсэн нь газар хөдлөлтийн талаарх таамаглалууд “YouTube”, “Facebook” зэрэг платформд улам хүчээ авахад түлхэц болсон байна. Хэдийгээр газар хөдлөлт болох хугацааг яг таг таамаглах боломжгүйг эрдэмтэд хэлдэг ч Тайвань, Өмнөд Солонгос, Хонконгийн аялагчдын нислэгийн захиалга дөрөвдүгээр сараас хойш эрс буураад байгаа аж. Тэр дундаа Хонконг-Японы нислэгийн захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар, зургаадугаар сарын сүүлээс долоодугаар сарын эхэн хүртэлх өдрүүдийн захиалга бүр 83 хувиар буурсныг “Bloomberg Intelligence”-ийн тооцоолол харуулж байна.
Цуу яриа аялал жуулчлалын салбарт нөлөөлж буйг Японы Мияаги мужийн захирагч Ёшихиро Мүрай өнгөрсөн сард онцолж, үндэслэлгүй таамаглалуудыг нухацтай хүлээж авахгүй байхыг хүмүүст уриалж байлаа. Мөн Японы Цаг уурын агентлаг өнөө цагийн шинжлэх ухаан газар хөдлөлтийн чичирхийллийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох боломжгүй болохыг веб сайтдаа анхааруулжээ.
Хэдий тийм боловч ерөнхий дүнгээр Японы аялал жуулчлал өндөр өсөлттэй хэвээр байгаа аж. Дөрөвдүгээр сард Япон улс 3.9 сая гадаадын жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд иений ханш суларсан нь үүнд голлон нөлөөлжээ.
K Oanh Ha, Yui Hasebe, Audrey Wa