logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Итгэл хүлээлгэх үү, эс хүлээлгэх үү
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 28 13:46
    180

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар тогтлоо

    Парламентын олонх Монгол Ардын Намын Бага хурлаас хойш тодорхойгүй, чимээгүй байсан улс төрийн нөхцөл байдал нэг чигт гарч, итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар УИХ Засгийн газрын асуудлыг шийдэхээр боллоо.

    УИХ шийднэ

    Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, өөрөөр хэлбэл огцруулах эсэхийг УИХ арав хоногийн дотор шийдвэрлэж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Мөн олонх болсон нам Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д оруулж ирдэг бөгөөд шинэ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлж орж ирэх хуультай.

    1.jpg

    Ийнхүү УИХ-ын 126 гишүүний саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэхийг шийдвэрлэх болж байна. Харин Ардчилсан намын зүгээс Хамтарсан Засгийн газраас гарах нь нэгэнт тодорхой болсон тул намын сайд нар нь өөрсдөө өргөдлөө өгөхөөр бэлтгэж байгааг мэдэгдсэн. “Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн, эс үзүүлсэн ч Ардчилсан нам Засгаас гарна” хэмээн Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцолж байлаа. Одоогийн Засгийн газарт МАН-ын 12, Ардчилсан намын найм, ХҮН намын хоёр сайд ажиллаж буй.

    Анх 2021 оны нэгдүгээр сард албан тушаалаа хүлээн авсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн дараа дахин томилогдож, нийт 52 сар ажилласнаараа Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болоод байгаа. 1992 оноос хойш нийт 14 эрхэм Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас дөрөв нь УИХ-ын гишүүдийн шийдвэрээр огцорч байжээ. Сүүлд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг чуулганы хуралдаанд оролцсон 73 гишүүний 42-ынх нь саналаар огцруулж байсан юм.

    Засаг солигдох болгонд монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын санааг зовоодог нэг асуудал нь бодлогын залгамж халаа. Лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сан, мега төслүүд, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудаа эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    29-1.JPG

    Бондууд уналтаасаа сэргэв

    Энэ үед Монгол Улсын Засгийн газрын олон улсад гаргасан бондуудын ханш тавдугаар сарын 23-ны өдрийн огцом уналтаасаа эргэн бага зэрэг сэргэлээ.

    Лхагва гарагийн байдлаар Сингапурын биржид бүртгэлтэй 2031 оны долоодугаар сард хугацаа нь дуусах 4.45 хувийн купонтой бондын ханш хамгийн өндөр дүнгээр өсөөд байгаа бол ойрын хугацаанд эргэн төлөгдөх бондуудын арилжааны идэвх харьцангуй бага байна. Тухайлбал: 2027 оны дөрөвдүгээр сард хугацаа нь дуусахаар байгаа 5.1 хувийн хүүтэй "Номад" бондын ханш ердөө 0.1 орчим хувиар өсжээ.

    unnamed.jpg

    Үүнээс гадна дотоодын үнэт цаасны ээлжит арилжаагаар Засгийн газрын нэг болон гурван жилийн хугацаатай 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, хямдруулалттай хүүтэй, 10 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа явагдлаа. Нэг жилийн хугацаатай бондын хувьд жигнэсэн дундаж хүү 9.324 хувь дээр тогтсон бол гурван жилийн хугацаатай үнэт цаасны хувьд 10.477 хувь дээр тогтсон байна.

    Cэтгэгдэл бичих