
Зургийг: Bloomberg/Costfoto/NurPhoto/Getty Images
БНХАУ гаднын хөрөнгө оруулагчдад таваарын нүсэр зах зээлийнхээ үүд хаалгыг нээх урьд байгаагүй арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Тус улсын түүхий эдийн хамгийн том бирж болох Шанхайн фьючерс бирж гадаадын хөрөнгө оруулагчдыг юаниар нэрлэгдсэн арилжаанд гадаад валютаар барьцаа хөрөнгөө баталгаажуулахыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгдлээ.
Гадаад арилжаалагчид болон тэдний капиталд тавьсан хязгаарлалт нь БНХАУ-ын таваарын зах олон улсад хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаагийн байгаагийн гол шалтгаан гэж яригддаг.
Харин хүлээлт үүсгэсэн энэхүү алхмыг авснаар импортын түүхий эдийн үнэд шууд нөлөөлөх боломж БНХАУ-д нээгдэх юм. Мөн санхүүгийн зах зээлд ам.долларын ноёрхлыг сөрж, юанийг олон улсын валют болгох зорилтод нь дэм үзүүлнэ.
1999 онд байгуулагдсан, БНХАУ-ын Засгийн газраас үйл ажиллагааг нь хариуцдаг Шанхайн фьючерс бирж нь зэс, ган, алт, газрын тос зэрэг түүхий эдүүдийн гэрээт арилжаа зохион байгуулдаг.
БНХАУ хэдийгээр дэлхийн түүхий эдийн хамгийн том худалдан авагч боловч гол түүхий эдүүдийн жишиг үнэ өөр зах зээлүүдэд тогтож байна. Тухайлбал: газрын тосны үнийг Нью-Йорк, Лондонд, суурь металлын үнийг Лондонд, төмрийн хүдрийн үнийг Сингапурын биржид тогтоодог.