logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Цөмийн эрчим хүчний сэргэн мандалтад БНСУ ялагчаар тодрох төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2025 оны 05 сарын 29 17:08
    490

    Зургийг: Jun Michael Park/Bloomberg

    “Bloomberg Businessweek”-ийн судалгаагаар өдгөө дэлхий даяар төлөвлөгдсөн ба санаачлагдсан 400 гаруй цөмийн реакторын төслийн 43 орчим хувьд нь БНСУ гүйцэтгэгчээр шалгарах өндөр магадлалтай байна

    (Bloomberg) -- БНСУ дотооддоо өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ, дэлхий дахиныг шавдуулж буй шатах түлшийг халах шилжилтийг хараачилж, атомын технологийг олон арван жилийн турш эх орондоо чимээгүйхэн хөгжүүлсээр иржээ. Сүр дуулиангүй атлаа үр ашигтай энэхүү үйлдвэрлэл өдгөө тус улсын зүүн өмнөд эрэг дагуу цэцэглэн хөгжиж, найдвартай бөгөөд ялгарал багатай эрчим хүчийг боломжийн өртгөөр, ОХУ, БНХАУ-аас хамааралгүйгээр үйлдвэрлэхийн хүслэн болсон барууны орнуудын анхаарлыг татаж байна. 

    Дулаарлыг удаашруулах боломж

    Уур амьсгалын асуудал, XXI зууны технологид шаардагдах эрчим хүчний асар их эрэлт нь сүүлийн жилүүдэд дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт сэргэн мандалт тохиох түлхэц болов. Өдгөө дэлхийн үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 10 орчим хувийг цөмийн реакторууд нийлүүлж байгаа ч 2050 он гэхэд дэлхийн дулаарлын хамгийн аюултай үр нөлөөг хязгаарлахын тулд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл одоогийнхоос гурав дахин нэмэгдэх ёстой гэж судлаачид тооцоолж байна. Одоогоор 30 гаруй улс энэ зорилтод хүрэх амлалт өгөөд буй. 

    unnamed (1).jpg

    Үүлэн тооцоолол, хиймэл оюун энэхүү ачааг улам хүндрүүлэх болов. 2027 онд генератив хиймэл оюун бүхэл бүтэн Испани улсын 2022 оны нийт хэрэглээг бүрэн хангах хэмжээний эрчим хүч хэрэглэдэг болно гэж “Morgan Stanley” өнгөрсөн онд тооцоолж байлаа. Энэхүү өсөлтөөс үүдэх нүүрстөрөгчийн ул мөрийг багасгахад нар, салхины эрчим хүч дэм болж чадах ч атомын цахилгаан станцын адилаар ялгарал багатай цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, бэлэн, хүртээмжтэй нийлүүлж чадахгүй. 

    "Эрчим хүчний эрэлт цойлж, хүмүүс долоо хоногийн бүх өдөрт, хоногийн 24 цагийн турш бэлэн байдаг цэвэр эрчим хүч шаардаж байна. Энэ хоёрыг хоёуланг нь хангаж чадах ганц сонголт бол цөмийн эрчим хүч" хэмээн цөмийн реакторын эд анги үйлдвэрлэгч “Doosan Enerbility”-ийн Дэд Ерөнхийлөгч Ким Жонвү онцолж байна.

    “Amazon”, “Microsoft”, “Meta” зэрэг аварга компаниуд шил дараалан цөмийн эрчим хүчийг сонгож буй энэ үед нэг л зүйл тодорхой болж байна: Дэлхий нийтэд дахиад олон реактор яаралтай хэрэгтэй. Уур амьсгалын ашгийн бус байгууллага “Clean Air Task Force”-ийн мэдээлснээр атомын цахилгаан станцуудын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийн тулд дараагийн 25 жилд энэ чиглэлд бараг есөн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж. Энэ нь жилд ойролцоогоор 250 тэрбум ам.доллар гэсэн үг юм.

    Хэдий тийм боловч энэ бүгдийг хэн барих вэ гэдэг том асуулт бий. Зардал өндөр, хэрэгжих хугацаа урт удаан, зохицуулалт хатуу, улс төрийн эсэргүүцэл ширүүн зэрэг хүчин зүйлс анхнаасаа төвлөрөл ихтэй энэ салбарыг улам хавчсаар байна. Нэгэн цагт цөмийн салбарын нүүр царай байсан АНУ, Франц төслийн зардал хэтрүүлдэг, хугацаа удаашруулдгаараа зартай болсон. Харин одоогийн "хүнд жингийнхэн" БНХАУ, ОХУ үндэсний аюулгүй байдлын асуудлаас болж барууны худалдан авагчдыг татаж чадахгүй байна. Япон улсын хувьд 2011 оны Фүкүшимагийн ослоос бүрэн сэргээгүй хэвээр. Иймд салбарын "шинэ цэрэг"-т тооцогдох БНСУ энэхүү том боломжийг атгах төгс байрлалд байна. 

    “Bloomberg Businessweek”-ийн судалгаанаас харвал өдгөө дэлхий даяар төлөвлөгдсөн ба санаачлагдсан 400 гаруй цөмийн реакторын төслийн 43 орчим хувьд нь БНСУ гүйцэтгэгчээр шалгарах өндөр магадлалтай аж. Ингэснээр тус улс ирэх арван жилийн хугацаанд цөмийн реакторын хамгийн том экспортлогч орнуудын нэг болох юм. БНХАУ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэх төлөвтэй ч дийлэнх хувийг нь дотоодын хэрэглээндээ ашиглахаар байгаа. 

    БНСУ 2030 он гэхэд 10 реактор бүтээж экспортолсон байх амлалтыг гурван жилийн өмнө өгч байлаа. Хилийн чанадад хэрэгжүүлсэн анхны төсөл Арабын Нэгдсэн Эмират улс дахь "Барака" атомын цахилгаан станц аж. Анх 2009 онд тус төслийн тендерт ялж, 2023 онд ашиглалтад оруулсан нь төслийн хугацаа хойшилдгоороо алдартай тус салбарт үнэхээр том амжилт юм. Харин дараагийн шалгалт нь Европт хүлээж байна. “Korea Hydro & Nuclear Power” компанийн тэргүүлсэн БНСУ-ын консорциум Чех улсад хоёр реактор барих тендерт Францын “Électricité de France”-ийг ялж, гүйцэтгэгчийн гэрээнд гарын үсэг зураад байна. 

    Энэ салбарт БНСУ-ын гол давуу тал нь сүлжээний зохион байгуулалт аж. Инженерчлэл, барилгын компаниуд, нийтийн үйлчилгээ үзүүлэгчид, түлш нийлүүлэгчид, банкнууд нь энэ салбарт маш ойр уялдаа холбоотой ажилладаг. Зарим нь төрийн өмчит, зарим нь хувийн хэвшлийнх, дийлэнх нь Засгийн газрынхаа санхүүжилттэй. Тиймээс Засгийн газар хооронд гэрээ байгуулж, хэрэгжүүлэхэд дотоодын нийлүүлэлтийн сүлжээ нь хөшүүрэгтэй оролцдог байна. "Шигшээ баг байдлаар оролцдог учраас маш давуу талтай. Үйлчлүүлэгч улсдаа тэд нэг бүхэл болоод ирдэг" хэмээн зөвлөх үйлчилгээний "Radiant Energy Group"-ийн захирал Марк Нельсон өгүүлж байна. 

    Өөр нэг жор нь тууштай байдал аж. Цөмийн технологи экспортолж эхлэхээсээ өмнө БНСУ бараг хагас зууны хугацаанд туршилт хийж, туршлага хуримтлуулсан байна. Солонгосын дайн дууссан 1953 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ри Синман улс орноо сэргээн босгоход цөмийн реактор гол хэрэгсэл болно гэж үзэж, улмаар арилжааны зориулалттай анхны Атомын цахилгаан станцынх нь бүтээн байгуулалт 1971 онд эхэлж байжээ. Өнөөдөр тус улсад 26 реактор ажиллахын сацуу 2028 он гэхэд дахин хэдэн реактороор бүл нэмэх хүлээлттэй байна. 

    "Бид 50 жилийн турш атомын цахилгаан станц барьж байна. Бид хэзээ ч зогсоогүй" хэмээн "Kyung Hee" их сургуулийн цөмийн инженерчлэлийн профессор Чун Бом Жин онцолсон юм. 

     

    Heesu Lee, Will Wade

    Cэтгэгдэл бичих