
Зургийг: Yonhap News Agency
БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшигч, зүүний үзэлт И Жэ Мён 49.4 хувийн саналаар ялалт байгуулав.
Түүнтэй өрсөлдсөн "Ард түмний хүч" намын нэр дэвшигч Ким Мүн Сү 41.2 хувийн санал авсан бөгөөд ялагдлаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэжээ. Сонгуулийн үр дүн гарсны дараа хэлсэн үгэндээ И Жэ Мён үндэсний эв нэгдлийг чандлан сахиж, БНСУ-ын эдийн засгийн өсөлтийн эрчийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхээ амлажээ.
Ийнхүү өмнөд солонгосчууд орчин үеийн түүхэндээ хамгийн их хуваагдал дагуулсан засаглалын хямралын эцэст шинэ Ерөнхийлөгчөө сонгож байна. Өнгөрсөн 12 дугаар сард өмнөх Ерөнхийлөгч Юн Сог Ёль онц байдлын дэглэм зарласан нь тус улс бүрэн ардчилалд шилжсэнээс хойших 40 жилийн түүхэнд байгаагүй үйл явдал болж, дэлхий дахиныг цочирдуулсан юм. Түүнээс хойш хадгалагдсан эрх мэдлийн хоосон зайн уршгаар тус улсын хэрэглэгчид, бизнесүүдийн итгэл суларч, эдийн засаг нь уналтад ороод байв.
Өдгөө 60 настай И Жэ Мён өөрийгөө АНУ-ын зүүний улс төрч Берни Сандерстай адилтгаж, иргэн бүрийг суурь орлоготой болгох буюу “Universal Basic Income”-ийг нэвтрүүлэхээр сурталчилж байсан ч сүүлийн сонгуулийн үеэр энэ төлөвлөгөөгөө орхиж, төвийн үзэл рүү хэвийх болсон юм. Гэхдээ тэрбээр Ерөнхийлөгч болсноор айл, өрхүүдийн санхүүгийн дэмжлэгийн төсвийг нэмж, хиймэл оюуны хөгжүүлэлтэд Төрөөс дэмжлэг үзүүлж, том компаниуд дахь цөөхөн гэр бүлүүдийн хяналтыг багасгаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.
БНСУ-ын сонгуульд ялсан нэр дэвшигч таван жилийн хугацаатай, нэг удаагийн бүрэн эрхээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших юм.