
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- Энэ оны хамгийн өндөр хүлээлттэй шинэ бүтээгдэхүүнүүдийн нэг болох видео тоглоомын "Switch 2" консолын борлуулалтыг "Nintendo" энэ пүрэв гарагаас (VI/05-наас) дэлхий даяар эхлүүлж байна.
Тус компанийн шинэ консолыг найман жил хүлээсэн худалдан авагчид урт дараалал үүсгэх магадлалтай тул дэлгүүрүүд ачааллаа сайтар төлөвлөж, нөөцөө бэлтгэж буй аж. Тухайлбал: Японд аль дэлгүүр хамгийн их нөөцтэй байхыг худалдан авагчдад зааж өгдөг веб сайтууд эрэлттэй болж, урьдчилан захиалах сугалаанд бүртгүүлсэн хүний тоо 2.2 сая хүрсэн бол АНУ-ын “GameStop”, “Best Buy” компани "Switch 2" дэлгүүрт гарсан эхний өдрөө зарагдаж дуусна гэж тооцоолж байна.
Шинэ төхөөрөмжийн зарагдах үнэ АНУ-д 450 ам.доллар байх бол зөвхөн Японд 50 мянга орчим иен буюу 350 ам.доллароор гарах аж.
Видео тоглоомыг суурин болон зөөврийн байдлаар тоглох боломжийг нэг төхөөрөмжид багтаасан анхны "Switch" 2017 онд гарах үед зах зээлд нь өрсөлдөгч байгаагүй гэхэд болно. Түүнээс хойш нийт 152 сая ширхэг "Switch" борлуулсан амжилтаа “Nintendo” шинэ загвараараа давтахыг зорьж байна.
Тус компани ирэх оны гуравдугаар сар гэхэд 15 сая ширхэг "Switch 2" борлуулахаар төлөвлөж буй ч “Bloomberg”-ийн тооцооллоор энэ тоо 20 сая давах магадлалтай аж. “Nintendo” өдгөө бараг бүх орлогоо "Switch" консол болон видео тоглоомуудаасаа бүрдүүлдэг юм.
Yuki Furukawa, Takashi Mochizuki