
Зургийг: Lam Yik/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын үнэт эдлэлийн “Laopu Gold” компанийн нэгж хувьцааны ханш Хонконгийн биржид 1000 хонконг долларын босго давж, тус зах зээлд арилжаалагдаж буй хамгийн өндөр үнэтэй хувьцаа боллоо.
БНХАУ-ын тансаг зах зээлийн шинэ нүүр царай болоод буй тус компани өнгөрсөн оны зургаадугаар сард Хонконгт IPO хийснээсээ хойш хувьцааны ханш нь 2300 хувиар өссөнөөр “Hang Seng” индексэд бүртгэлтэй бүх компанийг өсөлтөөрөө илүүрхэж, шинэ дээд амжилт тогтоожээ. IPO хийх үед ирсэн захиалга нь төлөвлөснөөс 600 дахин давсан тул компани жижиг хөрөнгө оруулагчдад хуваарилах хувьцааны тоогоо зургаа дахин өсгөхөөс аргагүй болж байлаа. Хонконгийн биржид хувьцааны ханшаар ард нь бичигдэж буй боба цайны “Mixue Group”-ийн нэгж хувьцаа 580 хонконг доллароор арилжаалагдаж байгаа нь “Laopu Gold”-ийн үнэлгээ хэр өндөр байгааг илтгэх юм.
Хэдий тийм боловч чухам энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээж болзошгүй хүчин зүйл болж байна. Тус компани хувьцаагаа арилжаалах тоо ширхгийн доод хязгаарыг 100-аар тогтоосон тул хөрөнгө оруулагч багадаа 100 мянган хонконг доллар буюу 12 мянга 750 ам.доллар зарцуулж байж “Laopu Gold”-ийн хувьцаа эзэмшигч болно гэсэн үг юм.
Пүрэв гарагт “Laopu Gold”-ийн хувьцаа 1015 хонконг доллар хүрснийхээ дараа 8.5 хүртэл хувиар унасан нь өндөр үнэлгээнээс үүдэх эрсдэлийг тодотгон харуулжээ.
Үүнээс гадна энэ сарын 27-нд тус компанийн 121.4 сая ширхэг хувьцааны тусгаарлах хугацаа дуусаж, чөлөөтэй арилжаалагдах хувьцааных нь тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа нь томоохон шалгалт болж магадгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сард 10.8 сая ширхэг хувьцаа нь тусгаарлалтаас гарах үед ханш нь IPO хийснээсээ хойших хамгийн өндөр дүнгээр унаж байлаа.
"Laopu Gold-ийн өсөлтийн төлөв өөдрөг хэдий ч бэлэн мөнгөний урсгалыг харвал хувьцаа нь дэндүү үнэтэй байна. 1000 хонконг доллар гэдэг давахад хэцүү саад” хэмээн “Shenzhen Flying Tiger Investment & Management”-ийн сангийн менежер Ю Динхэн онцолжээ.
“Laopu Gold”-ийн энэхүү өсөлт нь БНХАУ-ын “Z” үеийнхний худалдан авах зан төлөвт нийцсэн компаниуд руу зах зээл хэвийх болсныг харуулж байна. Залуу үеийнхэн орон сууц зэрэг томоохон худалдан авалт хийхээс цааргалж, харин сэтгэлийг нь засах чамин содон зүйлсэд мөнгөө түлхүү зарцуулдаг болсныг зарим эдийн засагчид "сэтгэл хөдлөлд суурилсан худалдан авалт" гэж нэрийдэж буй. Үүний хамгийн тод жишээ гэвэл дэлхийг байлдан дагуулж буй “Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэдэг “Pop Mart” компани байна.